КОРОНАВИРУС | НАЙДВАР | ВАКЦИН

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 26

Коронавируст халдвар дэлхий даяар голомтлон тархсанаас хойш яг 10 сарыг үджээ. Энэ цагаас хойш халдварыг ялан гарах ерөндөг болсон вакцины судалгаанд дэлхий улс гүрнүүд ханцуй шамлан орох болсон. Вакцин гаргах энэ их ажил эхнээсээ үр дүнгээ өгч харьцангуй хурдан хугацаанд буюу гуравхан сарын дотор хүн дээр туршиж эхлэв. Өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд вакциныг хамгийн анх удаа хүндээр туршсан билээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхий даяар вакцин хөгжүүлэх 200 гаруй оролдлого бий бөгөөд үүнээс 44 нь л хүн дээр туршаад дараа, дараагийн туршилтуудаа хүлээж байна. Хүн төрөлхтний хувьд аливаа нэгэн халдварт өвчнөөс сэргийлэх явц удаан байсаар ирсэн. Харин энэ удаагийн “ковид-19” вирусний дэгдэлтээр түүхийн бусад үед тулгарч байснаас илүү хурдан хугацааг вакцин хөгжүүлэлтэд зарцуулах шаардлага амьдралаас урган гарсан билээ.

Уншигч та бүхэнд аль хэдийнээ гурав дахь шатны туршилтад орсон, ойрын хугацаанд нийтийг вакцинжуулах магадлалтай вакцинуудыг танилцуулъя.


CoronaVac

БНХАУ-ын анагаах ухааны Sinovac Biotech компанийн хөгжүүлж буй “CoronaVac” вакцин “барианы зурваст” бараг хүрээд буй цөөн хэдэн вакцины нэг. Тус вакцины гурав дахь шатны туршилтад Турк, Индонез, Бразилын мянга, мянган хүн хамрагдахаар бүртгүүлжээ. Гурав дахь шатны туршилт ирэх арваннэгдүгээр сард эхлэх товтой байна. Өнгөрсөн наймдугаар сард хоёр дахь шатны туршилтын явцад эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудад тус вакциныг тарьсан юм. Судалгаагаар тухайн вакцин нь эсрэг биет үүсгэх боломжтой гэдэг нь тогтоогдсон билээ.


BNT162b2

АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компаниуд хамтран дээрх вакциныг хөгжүүлж байна. Эхлээд удаагүй байгаа гурав дахь шатны туршилтад 44 мянган хүн сайн дураараа хамрагдаж байгаа аж. Эхний хоёр шатны судалгааг харвал эсрэг биет үүсгэх, тухайн өвчтөний дархлаанд нөлөөлөх байдал нь эерэг дүнтэй гарчээ. Туршилт энэ сарын сүүлээр дуусаж арваннэгдүгээр сарын сүүл гэхэд туршилтын нэгдсэн мэдээлэл бэлэн болох аж. Хэрэв судалгааны үр дүн эерэг гарвал АНУ болон Европын холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авсны үндсэн дээр 2021 оны эхний хагаст багтаан вакцинжуулалт эхлүүлэх боломжтой гэж дээрх хоёр компаниас мэдэгджээ.


mRNA-1273

АНУ-д төвтэй Moderna компани хүний молекулд суурилсан вакциныг хөгжүүлж байна. Долоодугаар сарын сүүлээр гурав дахь шатны туршилт эхэлж 30 гаруй мянган сайн дурынхан хамрагджээ. Компанийн зүгээс гурав дахь шатны судалгааг залуу болон хөгшин насныханд харьцуулсан байдлаар тарьж судалгаа хийсэн байна. Туршилтад хамрагдсан хүмүүсийн тал хувьд шинж тэмдэг буурах, тайвшрах шинж тэмдэг илэрч байжээ. Вакцин хийлгэсэн болон хийлгээгүй хүмүүст харьцуулсан шинжилгээ авахад хийлгэсэн хүмүүсийн эдгэрэлтийн хугацаа дунджаар гурав хоногоор наашилсан дүн гарсан байна.


ChAdOx1 nCoV-19

Британийн анагаах ухааны AstraZeneca болон Оксфордын их сургууль хамтран хөгжүүлж буй дээрх вакцины гурав дахь шатны туршилт удахгүй эхлэх гэж байна. Дээрх туршилтад 50 мянга гаруй хүн хамрагдахаар бүртгүүлжээ. Клиникийн эхний хоёр шатны үр дүнг харвал дархлааны системийн хариу урвал мэдэгдэхүйц нэмэгдэж, эсрэг бие үүсгэж байсан аж. Гэхдээ дээр дурдсан вакцинуудыг бодвол хэл ам дунд байгаа гэдгээ дээрх вакцин онцлог. Бразилын засаг захиргаа дээрх вакциныг нэвтрүүлэх боломжтой гэж үзээд Сан Паулу хотын их сургуулиар толгойлуулсан судалгааны ажил үргэлжилж байна. Гэвч дээрх туршилтын явцад сайн дураар хамрагдаж байсан нэг иргэн амиа алдсан юм. Бразил болон вакцин хөгжүүлэгчдийн зүгээс вакцинаас шалтгаалаагүй гэж мэдэгдсээр байгаа билээ. Одоогоор гурав дахь шатны судалгааг эхлүүлэхгүй түр хугацаанд зогсоогоод байна.


Ad26.COV2-S

Америкийн алдарт Johnson & Johnson компанийн хөгжүүлж буй дээрх вакцины гурав дахь туршилт хараахан эхлээгүй байна. Судалгааны явцад ямар нэгэн сөрөг үр дагавар ажиглагдаагүй бөгөөд дархлааг дэмжих, шинж тэмдгийг бууруулах үр дүн ажиглагдаж байсан аж. Вакцины аюулгүй байдал, хүний биед үзүүлэх сөрөг нөлөө байж болзошгүй гэж үзэн туршилтын ажлыг түр хугацаанд зогсоожээ. Амьтан дээр туршсан дүнг харвал вирусний эсрэг маш сайн нөлөө үзүүлснээр зогсохгүй, ганцхан удаагийн тарилгаар бүрэн хамгаалалт үүсгэж байсан аж. Дээрх үр дүнг харгалзан эрдэмтэд найдлага тавьж байсан юм.


Спутник-V

ОХУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалтын сан, “Гамалея” анагаахын хүрээлэнгийн хамтран хөгжүүлж буй уг вакциныг наймдугаар сарын 11-ний өдөр Засгийн газар хүлээн зөвшөөрсөн. Үүгээрээ дэлхийд анхдагч вакцин бол “Спутник-V” юм. Гурав дахь шатны туршилт дуусах шатандаа явааг ОХУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байна. Эхний хоёр шатны туршилтаар мөн л сайн үр дүнтэй гарсан. Төрийн алба хаагчдыг ч мөн адил дээрх судалгаанд хамруулж, ОХУ-ын Ерөнхийлөгч өөрөө гэр бүлийнхнийгээ туршилтад хамруулсан нь олон улсад томоохон найдвар төрүүлсэн юм. Засгийн газрын зүгээс энэ оны сүүлээр вакцинжуулалт эхлүүлэх боломжтой гэсэн ч 2021 оны эхний улиралд багтан вакцинжуулалт эхлүүлнэ гэж мэдээлж байна.

Дуусаж өгдөггүй туршилт

Хүн төрөлхтний вакцинжуулалтын түүхэнд урьд хожим ийм хурдан хугацаанд гурав дахь шатны туршилтад шилжиж байсан явдал үгүй. Тийм ч учраас дэлхий дахин коронавирусний вакцины туршилтад нухацтай хандаж байгаа нь энэ. Нягтлахгүйгээр дуун дээр вакцинжуулалт эхлүүлбэл үр дүн нь халдварт өвчнөөс ч илүү хор хөнөөлтэй байж мэдэх юм.

Эмнэлзүйн туршилтын явцад туршилтад хамрагдсан бараг бүх хүнд эсрэг биет үүсэж, сөрөг нөлөө үзүүлээгүй боловч яваандаа бий болох хүндрэл, олон жилийн дараа үүсэж болох эрсдэл байгаа тул судалгаа дуусаагүй хэвээр байна. АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн эрдэмтэд вакцин бэлэн болоод нийтийн вакцинжуулалт эхэлсний дараа ч хяналтын судалгаа, шинжилгээ үргэлжлэх ёстой гэдгийг анхааруулсан юм.

 

Эх сурвалж: DW, Science Daily

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top