Арваннэгдүгээр сарын 3-нд АНУ-д 59 дэх удаагийн ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Ерөнхийлөгчөөс гадна тус улсын дэд ерөнхийлөгч, Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүн, Сенатын танхимын гурваны нэг буюу 35 гишүүн, 13 муж, бүс нутгийн амбан захирагч нарыг сонгоно.
Цагаан ордны төлөө Ерөнхийлөгч Доналд Трамп, Дэд ерөнхийлөгч Майкл Пенстэй /Бүгд Найрамдах нам/ АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жозеф Байден, Калифорни мужийн сенатор Камала Харис /Ардчилсан нам/ нар өрсөлдөнө.
Цар тахлын нөхцөл байдал
Америкчууд энэ удаагийн сонгуулийн кампанит ажлыг тус улсын түүхэн дэх хамгийн өвөрмөц сурталчилгаа гэж үзэж байна. Учир нь тус сонгууль 230 мянга гаруй хүний амийг авч одоод буй коронавирусний цар тахлын нөхцөл байдалд болж байна. Халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 14 муж болон Колумбын тойргийн эрх баригчид саналын хуудсыг шуудангаар илгээх шийдвэр гаргасан бол бусад мужид урьдчилан санал өгөх хугацааг сунгасан билээ. Энэ сарын 3-нд америкчуудын тал хувь нь санал өгөх юм. “US Elections Project” судалгааны төвийн урьдчилсан таамгаар, санал өгөх эрхтэй 239.2 сая иргэний 150 сая гаруй нь саналаа өгөх төлөвтэй байна. Ингэснээр, сонгуулийн ирц 65 хувийг давж, 1908 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт болох боломжтой.
Диксвилл Нотчоос Хавай, Аляск хүртэл
1960 оноос хойш тогтсон уламжлалын дагуу Нью Хэмпшир мужийн Диксвилл Нотч жижиг тосгоны оршин суугчид хамгийн түрүүнд буюу 3-ны өдрийн 00.00 цагаас /УБ цагаар: 13.00 цаг/ саналаа өгнө. Тэнд таван хүн санал өгөх юм.
АНУ-ын баруун эргийн цагаар 06.00 /УБ цагаар 19.00/ цагт санал хураалт Мэн, Кеннектикут, Нью Йорк, Виржиниа мужид эхлэх бол нэг цагийн дараа тус улсын баруун хэсгийн ихэнх мужуудад санал хураах байрнууд үүдээ нээнэ. Номхон далайн эрэг орчимд хамгийн сүүлд буюу орон нутгийн цагаар 07.00 /УБ цагаар: 11.04-ний өдрийн 01.00/ цагт Аляскад санал хураалт эхлэх юм.
АНУ-ын зүүн эрэг орчим санал хураалт орон нутгийн цагаар 19.00 /УБ цагаар 11.04-ний өдрийн 08.00/ цагт дуусах бол Хавай, Алеутын арлын Адак тосгоны оршин суугчид хамгийн сүүлд буюу орон нутгийн цагаар 20.00 /УБ цагаар 11.04-ний өдрийн 14.00/ цагт саналаа өгөх юм.
Санал авах байруудад ариун цэврийн аюулгүй байдлын хатуу хэм хэмжээг баримтална. Сонгогчид амны хаалт зүүж, хоорондын зай барих гэнэ.
Санал асуулга ба нэг хувийн саналтай намууд
Социологийн судалгааны “Real Clear Politics” сайтын мэдээллээр, сонгогчдын дунд Трампын нэр хүнд Байденыг бодвол үндэсний хэмжээнд найман хувиар доогуур байгаа бол эргэлзээ бүхий мужуудад 3-7 хувиар доогуур байна. Гэхдээ шинжээчид Бүгд Найрамдах намын нэр дэвшигч ялалт байгуулах боломжоо хадгалан үлдсэн гэж үзэж байна. Тухайн намын дэмжигчдийн идэвхээс олон зүйл шалтгаална гэж тэд онцолжээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд нэр дэвшигч нь муж бүрд явуулсан санал хураалтын дүнгээр бүрэлдсэн сонгогчдын коллегийн 538 гишүүний 270-ынх нь саналыг авах ёстой. Коллегийн гишүүдийн тоо Сенатын танхимын 100, Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүний нийт тоотой дүйцдэг. Үүнээс гадна коллегийн бүрэлдэхүүнд Колумбын тойргийн гурван төлөөлөгчдийг оруулдаг байна.
“Real Clear Politics” сайт Байден сонгогчдын коллегийн гишүүдийн 232 санал, Трамп 125 санал авах боломжтой бөгөөд 181 саналын “хувь заяа” одоогоор тодорхойгүй байна гэж таамаглаж байна. Эдгээр нь эргэлзээ бүхий мужууд юм.
“News Center Main” сайтад мэдээлснээр, 50 мужид Либертар намын нэр дэвшигч Жо Жоргенсен, 30 мужид Ногоон намын нэр дэвшигч Хоуи Хокинс, 18 мужид Үндсэн хуулийн намын Дон Бланкеншип ерөнхийлөгчид нэр дэвшээд байна. Санал асуулгаас үзвэл, Жоргенсен, Хокинс нар тус бүр нэг хувийн санал авах магадлалтай байна.
Конгрессын төлөө
Төлөөлөгчдийн танхимын бүх суудал, Сенатын танхимын 35 суудлын төлөө хүчтэй өрсөлдөөн өрнөнө. Өдгөө Сенатын танхимын 53 суудлыг Бүгд Найрамдах нам, 45 суудлыг ардчилсан нам, хоёр бие даагч аваад байгаа. Харин Төлөөлөгчдийн танхимын 232 суудал Ардчилсан нам, 197 нь БН намд ногддог.
“Real Clear Politics” сайтын урьдчилсан таамгаар, АН-д Төлөөлөгчдийн танхимд хяналтаа хадгалан үлдэх боломж бий. АН тус танхимд 214 суудал авахаар төлөвлөж байгаа бол БН нам 182 суудал горилж байна. Хамгийн гол өрсөлдөөн үлдсэн 39 суудлын төлөө өрнөнө. Сенатын танхимд АН 45 суудал, БН нам 46 суудлаа авч үлдэх боломжтой бөгөөд есөн суудлын “хувь заяа” тодорхойгүй хэвээр байна.
Санал хураалтыг дүгнэх явц удаашрах магадлалтай
Шуудангаар авсан санал хуудсыг тоолох явц сонгуулийн эцсийн дүнг нэгтгэх явцыг удаашруулж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Ихэнх мужид санал хураалтын эцсийн дүн тэр даруйд гарахгүй гэж “The New York Times” сонин сануулжээ. Энэ сарын 4-ний үд гэхэд 50 мужийн наймд санал хураалтын дүн гарах магадлалтай байна. Канзас, Кентукки мужид саналын хуудсыг энэ сарын 6, Аляскад 13-ныг хүртэл хүлээн авах бол хамгийн хойд мужид шуудангаар ирүүлсэн саналын хуудсыг тоолох явц санал хураах өдрөөс долоо хоногийн дараа эхэлнэ. Иллинойс мужид энэ сарын 17-ныг хүртэл ирүүлсэн саналын хуудас хүчинтэй байх бол 26 сая сонгогчтой Калифорни муж энэ сарын 20-ныг хүртэл саналын хуудас хүлээн авах гэнэ.
Ирэх арванхоёрдугаар сарын 12-ныг хүртэл муж тус бүрийн санал хураалтын нэгдсэн дүн гарах бол мөн сарын 14-нд сонгогчдын коллегийн гишүүд саналаа өгнө. 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Конгрессын хоёр танхимын хамтарсан хуралдаан дээр сонгогчдын коллегийн санал хураалтын дүнг баталж, мөн сарын 20-нд ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болох юм.
Сэтгэгдэл ( 0 )