Их Британийн Лондон хотын өндөр шүүх Холливудын жүжигчин Жонни Деппийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Тэрбээр Британийн “Sun” цахим хэвлэлийг хуучин эхнэр Эмбер Хердийг байнга зодож, доромжилдог байсан гэж мэдээлсний төлөө шүүхэд өгсөн билээ.
Шүүх Жонни Деппийг “Эхнэрээ зоддог хүн” гэж нэрлэсэн нь бодит байдалд нийцэж байна гэж үзээд, нэр төрд нь халдсаны төлөө нэхэмжилсэн нөхөн төлбөрийг тогтоохоос татгалзсан байна.
Гэр бүлийн хүчирхийллийн золиосны үг хэлэх эрхийг нь булааж болохгүй гэж тус хэвлэл шүүхийн энэ шийдвэрийг сайшаагаад Эмбер Херд шүүхэд мэдүүлэг өгөхдөө эр зориг гаргасанд нь талархал илэрхийлсэн байна.
Эмбер Хердийн өмгөөлөгч шүүхийн энэ шийдвэр гэнэтийн биш байсан гээд удахгүй АНУ-д болох шүүх хурлын үеэр илүү жинтэй нотлох баримтуудыг дэлгэх болно гэж мэдэгджээ. АНУ-д Жонни Депп “Washington Post” сонинтой мөн л эхнэрээ зодсон гэж нийтлэлтэй холбогдуулан шүүхдэлцэж байгаа юм.
2018 онд “Sun” цахим хэвлэлийн сэтгүүлч Дэн Вуттон “Эхнэрээ зоддог хүн” гэсэн гарчигтай Жонни Деппийн тухай нийтлэл гаргажээ. Үүний төлөө нэрт жүжигчин нэр төрийг нь гутаасан гэж шүүхэд хандсан. Британийн шүүх тогтолцооны хүрээнд зөвхөн “Sun” хэвлэл нийтлэл нь бодит байдалтай нийцэж буй эсэхийг нотлох үүрэгтэй юм.
Жонни Депп, Эмбер Хердийн гэрлэлт 15 сар үргэлжилжээ. Деппийг өмгөөлж түүний хуучин гэргий Ванесса Паради, хуучин найз бүсгүй болох Вайнона Райдер нар мэдэгдэл хийж байсан билээ. Тэд Жонни Депп хэзээ ч тэдний эсрэг хүч хэрэглэж байгаагүй гэж мэдэгдсэн юм.
Жонни Депп, Эмбер Хердийн гэрлэлт цуцлуулах шүүх хурал найман сар үргэлжилсний эцэст Эмбер хуучин нөхрөөсөө долоон сая ам.доллар, хоёр нохой, “Range Rover” болон “Ford Mustang” автомашин авч чаджээ.
Сэтгэгдэл ( 0 )