Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь "Алтанбулаг" боомтоор орж ирэн, 2020.10.16-2020.11.06-ны хооронд "Энхсаран" сувилалд тусгаарлалтад байсан иргэнээс гэртээ гарсных нь дараа халдвар илэрч, түүний гэр бүлийн хүн халдварласан билээ. Үүнээс үүдэн Улаанбаатар хот болон Увс аймагт гурван өдрийн хугацаатай хөл хорио тогтоогоод байна. Олон улсын авто тээврийн жолооч, 21 хоногийн тусгаарлалтын хугацаагаа дуусгаад энэ сарын 6-нд гарсан ч (29 настай, эрэгтэй) түүнээс болон эхнэрээс нь коронавирусний халдвар илэрсний дараа буюу өчигдрөөс түүний нэгдүгээр хавьтал болох 24 хүнийг тусгаарлан шинжилгээ аваад байгаа юм.
ӨНӨӨДӨР ӨРНӨСӨН ҮЙЛ ЯВДАЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОЙМ
2020.11.11
07:00 цагт Улсын онцгой комисс мэдээлэл хийж, тусгаарлагдаж байгаад гэртээ гарсан байсан олон улсын тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусын халдвар илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсоныг мэдээлэн, арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ГУРАВ хоногийн хугацаанд нийслэл хотод ХӨЛ ХОРИО тогтоосныг мэдээлэв.
Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотоос гарах болон орон нутгуудаас гарах хөдөлгөөнийг гурван хоногийн хугацаатай хаав. Энэ хугацаанд орох хөдөлгөөн нээлттэй байх юм.
Мөн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 11-14-ний өдрийг хүртэл түр зогсоох, үзвэр үйлчилгээний байгууллага болон олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хурал, цуглаан, тэмцээн уралдаан, урлаг соёл, кино теарт, цахим болон бага насны хүүхдийн тоглоомын газрын үйл ажиллагааг дээрх хугацаанд түр зогсоохыг даалгав.
11:00 цагаас Засгийн газрын хуралдаан дуусаж, гаргасан шийдвэр болон цаг үеийн нөхцөл байдлын талаар Шадар сайд болон Онцгой комиссын гишүүд мэдээлэл хийв.
УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар "УОК хуралдаж, тодорхой шийдвэрүүд гаргалаа. Цагдаа, тагнуул, эрүүл мэндийн салбарын байгууллагууд өөрсдийн авах арга хэмжээгээ авч байна. Манай улсын Засгийн газар дотооддоо халдвар алдаагүй 10 сар боллоо. Салбар бүр бэлтгэлээ хангасан. COVID-19-ийн халдвартай иргэн дотооддоо гарсан учраас нүүр тулан ажиллах цаг боллоо. Иргэддээ тайван байхыг уриалж байна. Иргэд бодит мэдээлэл авч, энэ аюулт өвчнийг даван гарна" гэлээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нөхцөл байдлын талаар "Аравдугаар сарын 14-нд "Алтанбулаг" боомтоор орж ирсэн тээврийн жолооч Сэлэнгэ аймагт шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Тусгаарлалтын 21 хоногийн хугацаанд гурван удаа шинжилгээ өгсөн. Ингээд тусгаарлалтаас гарсны дараа тухайн жолооч болон эхнэрээс нь халдвар илэрсэн. Одоогийн байдлаар 24 хавьтагчийг тогтоон, ХӨСҮТ-д тусгаарлаж, эхний шинжилгээг аваад байна. Хоёр цагийн дараа эхний шинжилгээний хариу гарна" гэсэн мэдээлэл өгөв.
Хэвлэлийн бага хурлын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгсөн.
-Тусгаарлалтаас гарсан иргэдийг ямар давтамжтай шинжилгээнд хамруулдаг вэ, халдвар илэрсэн иргэний ойрын хавьтлуудын талаар мэдээлэл өгнө үү?
-Тусгаарлалтаас гарсан иргэдэд байнгын тандалт хийдэг. Энэ дагуу сая тандалт хийсэн. Тухайн жолооч эхнэр, нэг болон дөрвөн настай хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хашаанд нь мөн аав, ээжийнх нь гэр байдаг юм байна. Тэр бүх хүмүүсийг тусгаарласан. Шинжилгээ хийж байгаа.
-Халдвар авсан иргэдийг эмчлэх орны нөөц хангалттай байгаа юу?
-Орны бэлэн байдлыг хангаж байгаа. Заавал ХӨСҮТ-д эмчлэх шаардлагагүй. Зарим өвчтөнийг дүүргийн эмнэлгүүд рүү шилжүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт 230 энхийг сахиулагч тусгаарлалтад байгааг энгийн буудал руу шилжүүлэх боломжтой. Эндээс нийт 500 ор гарна. Яармагт баригдсан хүүхдийн эмнэлэгт 300 ор байрлуулж бэлдсэн байгаа. Нийтдээ 1000 орчим ор бэлэн байгаа.
"Энх саран" сувилал дээр халдвар алдагдсан байж болзошгүй гэж үзээд, тус сувилалд байсан хүмүүсийг өчигдөр ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Тандалтаа үргэлжлүүлж, халдвар хожуу илрэв үү, тусгаарлалтын явцад халдвар авсан уу гэдгийг тодорхой болгоно.
-Хамгаалах хувцасны нөөц ямар байгаа вэ?
-Хамгаалах хувцас хэрэгслийн гурван сарын нөөц байгаа. Манай үйлдвэрлэгчид ч чанартай хамгаалах хувцас үйлдвэрлэж байна. Эмч, сувилагч нар таарсан хувцсаа өмсвөл халдвар хамгаалал алдагдахгүй байх боломжтой.
12.00 цагаас Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр Арваннэгдүгээр сарын 9, 10-нд нийт 993 хүний сорьцод шинжилгээ хийхэд нийт 14 хүний сорьцод коронавирус илэрч, Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо 382 болжээ.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүгийн танилцуулсан мэдээлэл:
(Арваннэгдүгээр сарын 9, 10-ны нэгдсэн дүн)
Өнөөдрийн байдлаар 61 хүн ХӨСҮТ-ийн эмчилгээнд байна. ОХУ-ын дөрвөн иргэн хил дээрээс буцсан. Гэхдээ Монголд оношлогдсон учраас манай улсын батлагдсан тохиолдлын тоонд бүртгэгдэж байгаа. Өчигдөр батлагдсан тохиолдол буюу тусгаарлалтаас гарсны дараа халдвар илэрсэн жолоочийн ойрын хавьтал болох 24 хүнийг яаралтай тогтоож, ХӨСҮТ-д тусгаарласан. ХӨСҮТ-т нийт 165 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтад байна.
13:00 цагаас Хотын дарга ЗАХИРАМЖ гаргаж, зарим байгууллагын ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО
Коронавирусийн халдвараас сэргийлэх хүрээнд 21 хоногийн тусгаарлалтаа дуусгаад гарсан иргэн болон түүний ойрын хавьтлаас халдвар илэрсэн тул Улсын Онцгой комисс шуурхай хуралдаж, нийслэл хотоос гарах хөдөлгөөнийг хааж, сургууль, цэцэрлэг, олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, соёл урлаг, кино театр зэрэг үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг энэ сарын 14-нийг хүртэл түр зогсоох шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комисс өнөөдөр шуурхай хуралдаж, коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай захирамж гаргалаа.
13:00 цагаас Дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын халдвар олон нийтийн дунд илэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, МЭДЭГДЭЛ гаргалаа.
15:00 цагаас Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Тусгаарлалтаас гарсан жолооч болон гэр бүлийн хүнээс нь халдвар илэрсэн. Тэдэнтэй ойрын хавьтлын 24 шинжилгээ авсан. Тэдний хоёроос нь халдвар илэрсэн. Одоо бид энэ хоёр хүн цаашаа хэчнээн хүнд халдвар тараасан эсэхийг судалж байна. Судалгаа хийнэ гэдэг бол цаг хугацаа ордог ажил" гэсэн мэдээлэл өглөө.
Халдвар авсан жолооч нийслэлийн Баянзүрх дүүргийн Дарь-Эхэд хоёр хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ суудаг бөгөөд тус айлын хашаанд хадмууд болон хамаатнууд нь мөн хамт амьдардаг байжээ. Халдвартай жолооч Д-гийн хадам ээж болон тэдэнтэй хамт тоглолт үзсэн дүүгээс нь коронавирус илэрсэн ба эдгээр хоёр хүний ойрын хавьтлыг тогтоох, шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ЦАР ТАХАЛ | АЮУЛ | БИД БЭЛЭН ҮҮ..
Увс аймагт ХАЛДВАР ТАРХСАН БАЙЖ болзошгүй гэж үзэн, ХӨЛ ХОРИО тогтоолоо
“Энхсаран” сувилалд халдвар алдагдсан байж болзошгүй
Халдвартай жолоочтой зураг авахуулсан ДУУЧНЫГ ТУСГААРЛАЛАА
АНХААР | Халдвар илэрсэн жолоочийн явсан МАРШРУТ
Онцгой үед зохиомол хомсдол үүсгэвэл ХАТУУ ХАРИУЦЛАГА тооцно
Тусгаарлалтын ГОРИМ ЗӨРЧСӨНӨӨС ҮҮДЭН халдвар гадагш тархжээ
Халдвартай жолоочийн ХАДАМ ЭЭЖ, ДҮҮ хоёроос коронавирус илэрлээ
Халдвартай иргэдийн ХАВЬТЛЫН ТОО 3500-д хүрээд байна
ГАДНЫН ХЭВЛЭЛД | Монгол Улс КОВИД-19 вирус ДОТООДДОО алдлаа
Коронавирусний халдвар, тархалт, нөхцөл байдал, үйл явдал, шийдвэртэй холбоотой бусад мэдээллийг ZIndaa.mn сайтын НИЙГЭМ дэд цэсэнд үүсгэсэн КОВИД-19 холбоосоос хүлээн авч унших боломжтой.