“Энхсаран” сувилалд халдвар алдагдсан байж болзошгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 11

Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагууд сэжигтэй иргэдийг тусгаарлаж байсан “Энхсаран” сувилал халдвар хамгааллын дэглэм зөрчиж, улмаар халдвар алдагдсан байж болзошгүй гэж үзэн, шалгалт хийж байна.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Улсын онцгой комиссын ээлжит хуралдааны үеэр онцолсон юм.

“Тусгаарлагдсан хүмүүс байсан "Энхсаран" сувилал дээр халдвар алдагдсан байж болзошгүй гэж таамаглаад тус сувилалд байсан хүмүүсийг Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/ рүү шилжүүлсэн. Тандалтаа үргэлжлүүлээд халдвар хожуу илрэв үү, тусгаарлалтын явцад халдвар авсан уу гэдэг нь тодорхой болно” гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ярилаа.

Өчигдөр /2020.11.10/-ны өдөр Эрүүл мэндийн яам шуурхай хуралдаж, “Энхсаран” сувилалд ажиглалтад байсан иргэдийг ХӨСҮТ-д нүүлгэх шийд гаргаж, өнгөрсөн шөнө бүрэн дууссан билээ.

Тусгаарлалтын 19 дэх хоног дээрээ давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн хүмүүс буюу сүүлийн тохиолдлууд "Энхсаран" сувилалд буусан иргэдээс илэрсэн тул эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс тусгаарлалтын хоногийг сунган, ХӨСҮТ рүү шилжүүлэх нь зөв гэж үзжээ.

Өнөөдөр өглөө “Энхсаран” сувилалд тусгаарлалтад байсан 29 настай эрэгтэй болох тээврийн жолоочоос тусгаарлалтаас гарсны дараа халдвар илэрч, улмаар ойрын хавьтлын 24 хүнийг тусгаарлаад байна. Халдвар илэрсэн эрэгтэй "Алтанбулаг" боомтоор орж ирээд, улмаар тусгаарлалтад байх хугацаандаа гурван удаа шинжилгээ хийлгэхэд халдвар илрээгүй гэдгийг Эрүүл мэндийн яам онцолсон юм.

Top