ШУУД: Халдвар авсан жолоочийн 24 хавьтагчийг тусгаарласан

2020 оны 11 сарын 11

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2020.11.11)  болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэр болон цаг үеийн нөхцөл байдлын талаар Шадар сайд болон Онцгой комиссын гишүүд мэдээлэл хийж байна. 

УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар "УОК хуралдаж, тодорхой шийдвэрүүд гаргалаа. Цагдаа, тагнуул, эрүүл мэндийн салбарын байгууллагууд өөрсдийн авах арга хэмжээгээ авч байна. Манай улсын Засгийн газар дотооддоо халдвар алдаагүй 10 сар боллоо. Салбар бүр бэлтгэлээ хангасан. COVID-19-ийн халдвартай иргэн дотооддоо гарсан учраас нүүр тулан ажиллах цаг боллоо. Иргэддээ тайван байхыг уриалж байна. Иргэд бодит мэдээлэл авч, энэ аюулт өвчнийг даван гарна" гэлээ. 


Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь "Алтанбулаг" боомтоор орж ирсэн олон улсын авто тээврийн жолооч, 21 хоногийн тусгаарлалтын хугацаагаа дуусгаад энэ сарын 6-нд гарсан ч (29 настай, эрэгтэй) түүнээс болон эхнэрээс нь коронавирусний халдвар илрээд байна.

Тээврийн жолооч эрэгтэй 2020.10.16-2020.11.06-ны хооронд "Энхсаран" сувилалд тусгаарлалтад байжээ. 


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нөхцөл байдлын талаар "Аравдугаар сарын 14-нд "Алтанбулаг" боомтоор орж ирсэн тээврийн жолооч Сэлэнгэ аймагт шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Тусгаарлалтын 21 хоногийн хугацаанд гурван удаа шинжилгээ өгсөн. Ингээд тусгаарлалтаас гарсны дараа тухайн жолооч болон эхнэрээс нь халдвар илэрсэн. Одоогийн байдлаар 24 хавьтагчийг тогтоон, ХӨСҮТ-д тусгаарлаж, эхний шинжилгээг аваад байна. Хоёр цагийн дараа эхний шинжилгээний хариу гарна. 

Төр засаг арга хэмжээ авахаас гадна иргэд үүргээ ухамсарлаж, гараа ариутгаж, маск зүүж, хоорондын зай барьснаар халдвар өвчнийг давж чадна. Иргэд яаралтай биш тохиолдолд эмнэлгийн тусламж авахаар эмнэлэгт бүү очоорой" гэлээ. 

 

 

Хэвлэлийн бага хурлын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Тусгаарлалтаас гарсан иргэдийг ямар давтамжтай шинжилгээнд хамруулдаг вэ, халдвар илэрсэн иргэний ойрын хавьтлуудын талаар мэдээлэл өгнө үү?

-Тусгаарлалтаас гарсан иргэдэд байнгын тандалт хийдэг. Энэ дагуу сая тандалт хийсэн. Тухайн жолооч эхнэр, нэг болон дөрвөн настай хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хашаанд нь мөн аав, ээжийнх нь гэр байдаг юм байна. Тэр бүх хүмүүсийг тусгаарласан. Шинжилгээ хийж байгаа.

-Халдвар авсан иргэдийг эмчлэх орны нөөц хангалттай байгаа юу?

-Орны бэлэн байдлыг хангаж байгаа. Заавал ХӨСҮТ-д эмчлэх шаардлагагүй. Зарим өвчтөнийг дүүргийн эмнэлгүүд рүү шилжүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт 230 энхийг сахиулагч тусгаарлалтад байгааг энгийн буудал руу шилжүүлэх боломжтой. Эндээс нийт 500 ор гарна. Яармагт баригдсан хүүхдийн эмнэлэгт 300 ор байрлуулж бэлдсэн байгаа. Нийтдээ 1000 орчим ор бэлэн байгаа.

"Энх саран" сувилал дээр халдвар алдагдсан байж болзошгүй гэж үзээд, тус сувилалд байсан хүмүүсийг өчигдөр ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Тандалтаа үргэлжлүүлж, халдвар хожуу илрэв үү, тусгаарлалтын явцад халдвар авсан уу гэдгийг тодорхой болгоно. 

-Хамгаалах хувцасны нөөц ямар байгаа вэ?

-Хамгаалах хувцас хэрэгслийн гурван сарын нөөц байгаа. Манай үйлдвэрлэгчид ч чанартай хамгаалах хувцас үйлдвэрлэж байна. Эмч, сувилагч нар таарсан хувцсаа өмсвөл халдвар хамгаалал алдагдахгүй байх боломжтой.

Top