Халдвартай иргэдийн ХАВЬТЛЫН ТОО 3500-д хүрээд байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 11 сарын 11

Тусгаарлагдаж байгаад гэртээ гарсан байсан олон улсын тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусын халдвар илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдож, Улаанбаатар хотод гурав хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод байгаа билээ.

Тухайн иргэн Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор Монгол Улсад орж ирэн, арваннэгдүгээр сарын 6-ны өдөр тусгаарлалтаас гарсан жолооч ба түүний гэр бүлийн хүнээс мөн коронавирусний халдвар илэрч, онош батлагдсан.

Албаныхан авто тээврийн жолоочийн тусгаарлалтаас гараад явсан маршрутыг гаргаж, хавьтагч нарыг тогтоон, шинжилгээнд хамруулаад байгаа юм. Халдвартай жолоочийн нэгдүгээр хавьтлын 24 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авснаас одоогийн байдлаар түүний хадам ээж болон  дүү нараас авсан PCR шинжилгээний хариу эерэг гарч, лабораториор баталгаажаад байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн.

Халдвартай иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа ба эдгээр хүмүүсийн явсан маршрутыг гаргаж, хавьтлуудыг тогтоох ажиллагаа явагдаж байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар одоогийн байдлаар хоёр, гуравдугаар хавьтлын тоо нэмэгдэж, 3500-д хүрээд байгаа аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ. 

Top