ЦАР ТАХАЛ | ИТГЭЛ НАЙДВАР | ВАКЦИН

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 13

Коронавируст цар тахал голомтлон тархаж эхэлснээс хойш 10 илүү сарыг үджээ. Энэ цагаас хойш итгэж хүлээх, найдвар тавих гол шалтгаан нь вакцин байлаа. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг улс гүрнүүд вакцин бүтээх ажилд бусдыг манлайлан оролцож өдгөө вакцин бүтээх 200 гаруй оролдлого хүн төрөлхтөнд өрнөж байна. Үүнээс 44 нь хүн дээр туршиж буй.

Коронавируст халдвар дэгдсэнээс хойш дотооддоо халдвар алдалгүй тэсэж байсан Монголчууд бид хэдийнээ дотооддоо халдаад өнөөдрийн байдлаар дотоодод халдсан тохиолдол 7-д хүрээд байна. Халдвар дотоодод тархсан энэ бэрх цагт монголчууд бидэнд вакцинаас өөр хэрэгтэй зүйл үгүй. Тиймээс вакцины туршилтын шат гуравдугаар түвшинд хүрч, үр дүн нь 90-ээс дээш хувийг заасан гурван төрлийн вакциныг танилцуулъя.


CoronaVac

Улс: БНХАУ

Хөгжүүлэгч: Sinovac Biotech

Үр дүн: 92.4%

Үнэ /нэг тун/: 200 юань


БНХАУ-ын анагаах ухааны Sinovac Biotech компанийн хөгжүүлж буй “CoronaVac” вакцин “барианы зурваст” бараг хүрээд буй цөөн хэдэн вакцины нэг. Тус вакцины гурав дахь шатны туршилтад Турк, Индонез, Бразилын мянга, мянган хүн хамрагдахаар бүртгүүлжээ. Гурав дахь шатны туршилт ирэх арваннэгдүгээр сард эхлэх товтой байна. Өнгөрсөн наймдугаар сард хоёр дахь шатны туршилтын явцад эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудад тус вакциныг тарьсан юм. Судалгаагаар тухайн вакцин нь эсрэг биет үүсгэх боломжтой гэдэг нь тогтоогдсон билээ.

БНХАУ-ын захиргаа вакцины үр дүнг 92 хувьтай гэж дүгнэсэн. Харин анагаах ухааны алдарт “The Lancet сэтгүүлд үр дүнг 92.4 хувьтай гэж дүгнэжээ. БНХАУ-ын энэхүү вакциныг африкийн хэд, хэдэн улс авахаар захиалгаа өгөөд буй.


Спутник V

Улс: ОХУ

Хөгжүүлэгч: Гамалея анагаахын судалгааны хүрээлэн

Үр дүн: 92%

Үнэ /нэг тун/: 1000 рубль


ОХУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалтын сан, “Гамалея” анагаахын хүрээлэнгийн хамтран хөгжүүлж буй уг вакциныг наймдугаар сарын 11-ний өдөр Засгийн газар хүлээн зөвшөөрсөн. Үүгээрээ дэлхийд анхдагч вакцин бол “Спутник-V” юм. Гурав дахь шатны туршилт дуусах шатандаа явааг ОХУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байна. Эхний хоёр шатны туршилтаар мөн л сайн үр дүнтэй гарсан. Төрийн алба хаагчдыг ч мөн адил дээрх судалгаанд хамруулж, ОХУ-ын Ерөнхийлөгч өөрөө гэр бүлийнхнийгээ туршилтад хамруулсан нь олон улсад томоохон найдвар төрүүлсэн юм. Засгийн газрын зүгээс энэ оны сүүлээр вакцинжуулалт эхлүүлэх боломжтой гэсэн ч 2021 оны эхний улиралд багтан вакцинжуулалт эхлүүлнэ гэж мэдээлж байна.

ОХУ-ын Засгийн газрын мэдээлж байгаагаар 16 мянган хүнд хийсэн үр дүнгээс харвал нөлөөллийн түвшин 92 хувьтай байгааг дөнгөж өчигдөрхөн зарлалаа.


BNT162b2

Улс: АНУ, ХБНГУ

Хөгжүүлэгч: Pfizer, BioNTech

Үр дүн: 90%

Үнэ /нэг тун/: Тодорхойгүй


АНУ-ын “Pfizer” болон Германы “BioNTech” компанийн хамтран хөгжүүлж буй коронавирусний эсрэг вакцин 90 хувийн үр дүнтэй байгааг “Pfizer” компани мэдээллээ. Анагаахын нэршил нь “BNT162b2” нэрлэсэн уг вакцины гурав шатны туршилтад 44 мянга гаруй хүн сайн дураараа хамрагдсан юм.

Гэхдээ дээрх судалгааг 94 хүн дээр хийсэн гэдгийг компанийн зүгээс мэдээлсэн билээ. Судалгааны явцад эхний тунг хийснээс долоо хоногийн дараа хоёр дахь тунг хийж улмаар 28 хоногийн дараа эсрэг биет үүсгэж байжээ. Вакцины гурав дахь шатны туршилт өнгөрсөн долоодугаар сарын 27-ны өдөр эхэлж 43.5 мянган сайн дурынхан хамрагдсан юм.  Харин хоёр дахь тун вакцины туршилтад 38.9 мянган хүн хамрагджээ. Вакцины үр дүнгийн эцсийн шатны дүгнэлт гарах хараахан болоогүй байна.

Эхний хоёр шатны судалгааг харвал эсрэг биет үүсгэх, тухайн өвчтөний дархлаанд нөлөөлөх байдал нь эерэг дүнтэй гарчээ. Туршилт энэ сарын сүүлээр дуусаж арваннэгдүгээр сарын сүүл гэхэд туршилтын нэгдсэн мэдээлэл бэлэн болох аж. Хэрэв судалгааны үр дүн эерэг гарвал АНУ болон Европын холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авсны үндсэн дээр 2021 оны эхний хагаст багтаан вакцинжуулалт эхлүүлэх боломжтой гэж дээрх хоёр компаниас мэдэгджээ.


Бидэнд аль нь боломжтой вэ?

Газар нутгийн байршил, вакцины үнэ зэргийг харсан ч хоёр хөршийн вакцин хамгийн боломжит хувилбар. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон хандивлагч бусад байгууллагууд коронавирусний тохиолдол Монгол Улсад анх бүртгэгдсэн цагаас вакцин нийлүүлэх тухай ярьж байсан. Эдийн засгийн багтаамж зэргийг нь харгалзан мэдээж хэрэг хөнгөлөлттэй үнээр нийлүүлнэ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлахдаа вакцин нийлүүлэхэд бэлэн байгаагаа уламжилсан. ОХУ-ын ямар нэгэн байдлаар вакцин нийлүүлнэ гэдгээ мэдэгдээгүй байна.

АНУ, Германы хөгжүүлж буй вакцины үр дүн өндөр байгаа ч туршилт, судалгаанд хамрагдсан хүмүүсийн тоо 94-хөн хүнээр хязгаарлагдаж байгааг анхаарууштай. 100-гаас дээш хүн оролцуулж судалгаа хийж буй ч судалгааны үр дүн гарах болоогүй байгааг зарласан. Түүнчлэн тэдний хөгжүүлж буй вакциныг цельсийн -70 хэмийн хүйтэнд хадгалах боломжтой. Энэ нь вакцины тээвэр, түүнээс шалтгаалсан үнийг нэмэгдүүлэх хандлагатай байна. Учир нь тусгай хөргүүр бүхий нисэх онгоц эсвэл автомашинаар тээвэрлэхэд үнэ нэмэгдэж таараа. Дөнгөж дөрөв хоногийн өмнө тун тутамдаа 39 ам.доллар байсан ч энэ үнэ нэмэгдэнэ гэдгийг дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Маш хүйтэн хэмд хадгалдаг учраас хөгжиж буй орон болон ядуу буурай орнуудад нийлүүлэхэд бэрх гэдгийг BBC агентлаг онцоллоо.

 

Top