Дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн оргилын ойр орчмоос авсан цасны дээжид хуванцрын бичил хэсгүүд анх удаа илэрчээ. Эдгээр нь хэрхэн энэ өндөрт гарсан нь эрдэмтдийн хувьд оньсого хэвээр байна. Их Британийн Плимутын их сургуулийн экологич Иможен Напперийн хэлснээр, сүүлийн жилүүдэд эрдэмтэд Хойд туйлаас эхлээд Марианы хонхрын ёроол зэрэг дэлхийн өнцөг булан бүрд бичил хуванцар илрүүлээд байна.
Наппер тэргүүтэй эрдэмтэд Эверестийн “тагт” (8440 м) болон “үхлийн” гэгддэг бүсүүдээс Британийн уулчдын цуглуулсан цасны дээжийг судалсан байна. Ингэхдээ бараг бүх дээжид соёл иргэншлийн ул мөр илэрчээ. Эдгээр нь хэрхэн дэлхийн дээвэрт хүрснийг эрдэмтэд одоогоор тайлбарлаж чадахгүй байгаа ч Наппер тэргүүтэй эрдэмтэд уулчдаар дамжин хүрсэн байх боломжтойгоос гадна Хималайн уулсын энгэр дагуу агаарын урсгалын тусламжтай ирсэн байж магадгүй гэж таамаглаж байна.
“Цасны бүх дээжээс бичил хуванцар илэрсэн нь үнэхээр гайхшрал төрүүлсэн. Эверест цэвэр ариун, онгон дагшин байдлын бэлгэ тэмдэг байсан. Бид дэлхийн хамгийн өндөр ноён оргилоо хүртэл бохирдуулсан нь аймшигтай юм” гэж Наппер ярьжээ.
Эверест буюу Жомолунгма уул нь далайн түвшинээс 8848 м сүндэрлэсэн манай гарагийн хамгийн өндөр оргил. XIX зууны дунд үеэс эхлэн уулчдын олон зуун баг ноён оргилд гарахыг оролдож байсан ч албан ёсоор хамгийн анх 1953 онд Тенцинг Норгей, Эдмунд Хиллари нар гарч байжээ.
Сүүлийн 150 гаруй жилд Эверестэд нийт 300 гаруй уулчин амиа алджээ.
Сэтгэгдэл ( 0 )