Амьд оршихуй бүхнийг ундаалж байдаг ус уйлж байна. Уйлах, уйлахдаа бүр цурхиран уйлж байна. Урсгалыг нь тасалж, ундаргыг нь үгүй хийж байгаа хүмүүс бидэнд гомдож байна. Удам тань тасарч, ураг тань үгүй болбол хүн танд ямар байх вэ. Яг түүн шиг 887 гол, нэг мянга 166 нуур цөөрөм, хоёр мянга 96 булаг шанд, 54 рашаан удмаа, ургаа тасдуулчихаад гансарч байна. Хэрвээ тэдэнд хэл байсан бол хэчнээн их гомдол тунирхлыг бидэнд өгүүлэх байсан бол. Хэрвээ тэдэнд хөл байсан бол хаа холын газар руу хамгийн хурднаараа биднээс зугтах байсан биз. Ухаант хүмүүн гэж өөрсдийгөө өргөмжилдөг атлаа бид ухаангүй үйлдэл ихийг хийдгийн тод жишээ нь устай харьцаж байгаа байдал.
Ундаалах усгүй болчихвол яана аа гэж ганц удаа бодохын оронд усаар мянгантаа “наадах”-ын учрыг юу гэж ойлгох вэ. Албаныхны гаргасан судалгаанаас хараад айх шиг мэдрэмж нэгэнтээ төрлөө. Нийслэлийн хэмжээнд сүүлийн хэдхэн жилийн хугацаанд хүмүүсийн буруутай үйлдлээс болж, 22 гол горхи, 22 булаг шанд, нэг рашаан, нэг нуур ширгэснийг дууллаа. Юм бүхэн хязгаартайн адил ус ч гэсэн хэмжээтэй болохоор Улаанбаатарын усны асуудал удахгүй хүндрэхэд хүрчээ. Хэдхэн жилийн дараа гэхэд ундны усны хомсдол нийслэлд нүүрлэх болсныг албаныхан хэлсэн. Арга ч үгүй юм даа.
Саяхны судалгаагаар орон сууцны иргэд крантныхаа усыг дуслуулаад орхиход цагт 1,2 литр, гоожуулахад 63 литр, асгарахад 113 литр ус алддагийг дурджээ. Түүнчлэн крантныхаа усыг хоногоор дуслуулаад орхиход 28,8 литр, гоожуулаад орхиход 1512 литр, эцэс дээр нь тулгаад асгаад орхиход 2712 литр ус алддаг байна. Энэ мэтчилэнгээр крантныхаа усыг зөвхөн дуслуулаад орхиход сард 864, жилд 10 мянга 368 литр ус алддаг байх юм. Мөн тус судалгаанд дурдсанаар суултуурын усыг нэг удаа татахад 10 литр, крантаа нээгээд аяга тавгаа угаахад 40 литр, шүдээ угаахдаа усаа хаадаггүй бол есөн литр, суултуурын бочкин эвдэрхий бол хоногт 2-3 тонн м.куб ус асгардаг байна. Улаанбаатарын орон сууцны ихэнх иргэдийн хэрэглээ ийм байхад ус уйлахгүй, дуусахгүй гээд яах юм. Усаа хайрлая, гамная гээд хэчнээн хэлээд ч нэмэргүй. Энэ ус чинь юугаар ч сольшгүй чандмань эрдэнэ гээд нэг сануулчихъя.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Үерийн усаар нуур үүсгэх говь руу суваг татах хэрэгтэй