Намайг багад “Хуульгүй” Сэдээ гэх бөгтөр бор өвгөн байв. Архи дарс огт амсдаггүй, хууль дүрэм зөрчиж, хуруу хумсаа гаргаад байдаггүй атал “Би хуульгүй хүн шүү” хэмээн бусад руу довтлох нь түүнд ийн алдар хайрласан хэрэг. Чухам ямар учиртайг алдрайхан бага насны ухаан ухаж ойлгоогүй хэрэг. Ганц бие энэ өвгөн тийм ч хууль дүрэмгүй хүн биш. Социалист нийгмийн үеийн хамгийн хариуцлагатай гэж болох Худалдаа бэлтгэлийн ангийн манаачаар ажиллаж байв.
Сэдээ гуайн манаа эрхэлж байх хугацаанд Худалдаа бэлтгэлийн ангиас бараа таваар алдагдлаа, эд хогшил шатлаа гэх чимээ шуугиан гарч байсныг лав санахгүй байна. Тэгэхээр тэр хууль дүрэмтэй л хүн байж таарна. Хүүхэд насны маань төрхөнд мөнхөрч үлдсэн тэр бор өвгөн хамгийн хариуцлагатай, хамгийн шударга хүн байсан болов уу.
Үнэндээ бөгтөр бор өвгөн амттаны оронд маань хүлхэж, алаг орчлонгийн өдрийг бардаг байлаа. Алт эрдэнэсийн оронд олон түлхүүр нандигнаж, амгалан шөнийн оддыг бардаг байлаа. Өндөр тэнгэрээс унасан юм шиг энэ хөх өвгөнийг хүүхэд бид нар өргөн талаасаа ургасан юм шиг л санадаг байлаа. Түүнд өөрийн гэх садан төрөл, үр хүүхэд гэж үгүй тул ийн боддог байсан хэрэг биз ээ. Идэр залуу наснаасаа байтугай насан зүгтээ ч эхнэр байсангүй. Үнэндээ энэ хөх өвгөний ээжийг нь мэдэхгүй, элэг дэвтээх үрсийг нь ч мэдэхгүй, энгэр зөрсөн ханийг нь мэдэхгүй, ээдэм хусмаа хуваах эгч дүүсийг нь мэдэхгүй, анд нөхөд хэмээн айл амьтнаар сүжрэхийг нь хараагүй учраас өөрөөр яаж ч төсөөлөхсөн билээ.
Хундага дарсны цаана агсмагнахыг нь үзээгүй, хулгайн мөр хөөж явсныг нь дуулаагүй, худлаа хэлэхийг нь ч сонсоогүй, хорвоо донсолгож хууль зөрчсөнийг нь дуулаагүй. Гэтэл түүнийг “Хуульгүй” Сэдээ л гэнэ. Ийм л нэгэн эгэл хөх өвгөн өдгөө орчлонгийн хаа нэгэнтээ уусан одож дээ. Хэзээ хаанаас ирснийг мэдэхгүй, хэзээ бас хашаа явсныг мэдэхгүй, хүйтэн алаг замбуулингийн хөх чулуун дор мөнх нойрсож, орчлонгийн салхинаас өөр зочингүй, оддын тусгалаас өөр энэрэлгүй нойрсон буй заа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )