ОЛОН ӨНГӨ: Эх хэлнийхээ төлөө зохиолчид  нэгдэх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 06

Төрийн шагналт зохиолч Дамбын Төрбат саяхан “Хүй тасарч хүн болохын цагт хөг аялгуу хөлөглөж ирсэн эх хэл минь” хэмээн “Эх хэл” шүлгээ бичжээ. Тэгвэл эх хэл маань гадна дотны, санаатай санаагүй халдлагад өртөх болсон. Түүний “Эх хэл” нэртэй энэхүү шүлэг бүхэлдээ эх сайхан хэлээ хамгаалан дуулсан аж. Үүнийг дурдахын шалтгаан нь зохиолч бүр эх хэлээ хамгаалах аянд нэгдэхийг сануулсан хэрэг. Эх хэлний манаач болсон уран зохиолчид маань эх хэлээ хамгаалахын төлөө тэмцэж, тэргүүн магнай болж явахгүй бол өөр хэн явах юм. 

Өглөө босоход нэг үг, үсэг өөрчлөгдөх хандлагатай байна. Энэ тал дээр төрийн хатуу бодлого барихгүй бол үг үсгээр дамжин үндэсний тусгаар тогтнолд сөөм сөөмөөр халдаж байгаа юм биш биз гэх хардлага илтэд төрж байгааг нуух юун. Манай уран зохиолд уламжлал шинэчлэлийн маргаан сүүлийн 30 жил тасраагүй ч эцсийн зогсоол нь Монгол хэл юм. Монгол зохиолч Монгол сайхан хэлээрээ зохиол бүтээлээ туурвиж байж л сая мөн чанар нь оршино.

Нуулгүй хэлэхэд уламжлалт уран зохиолоо үгүйсгэдэг, шинэчлэл хэмээн харь шүтдэг авьяас билиг дутуухан хэсэг бүлэг хүмүүс уран зохиолд бий. Тэдний нөлөө уламжлалт уран зохиолыг мөн чанараар нь өөрчлөх бүү хэл ганхуулж чадахгүй. Гэвч утга зохиолын ертөнцөд хөл тавьж байгаа залууст ихээхэн хор хөнөөлтэй байгааг дурдах хэрэгтэй. Нэг талдаа уншигчдын хүрээнд ч буруу үлгэрлэх тал харагдана. Тэгэхээр манай зохиолчид энэ бүх зүйлээс ангид байж эх хэлнийхээ төлөө дуугарч тэмцэх цаг нь нэгэнт иржээ. Тиймдээ ч нэгэн насаар эх хэлний манаанд зогсож байгаа Д.Төрбат зохиолч

“Өлгийн дуутай ертөнцийн цагаан бороо

Эмгэдийн шивнэж ярьсан домог-эх хэл минь

Оршин байхуйн тунхаг сүлд юм

Оюун сэтгэлийн тусгаар тогтнол юм” хэмээн тунхаглажээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
77777(202.55.191.205) 2021 оны 01 сарын 06

МАШ ЗӨВ ЭХ ХЭЛЭЭ ХАМГААЛАХ ЦАГ НЭГЭНТ БОЛСОН ШҮҮ ..

0  |  0
Top