Дэлхийн банк Монголын эдийн засгийн төсөөллийг БУУРУУЛЛАА

2021 оны 01 сарын 07

Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулан,  2021 онд 4.3 хувь, 2022 онд 5.4 хувиар өснө гэж төсөөлжээ.

Дэлхийн банкны зүгээс өмнө нь Монголын эдийн засгийн өсөлтийг энэ 2021 онд 5 хувийг давах болов уу гэсэн төсөөлөлтэй байсан. Тус банкны эдийн засагч Б.Даваадалай Монгол Улс цар тахлын халдварыг дотоодод алдахаас өмнө хэлэхдээ “Аливаа төсөөлөлд тодорхой бус байдал, доошоо татах эрсдэл байнга байдаг. Төсөөлөл хийж буй байгууллага болгон өөр өөрийн гэсэн таамаглал, эрсдлүүдийг тооцдог. Бидний харж буйгаар 5 орчим хувь өсчих болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Цар тахлын хоёр дахь үеийн давлагаа, дотооддоо халдвар гарах эрсдэл зэрэг нь ихээхэн эрсдэл болохоор байна. Түүхий эдийн үнийн хөдөлгөөн мөн чухал үүрэгтэй. АНУ-ын сонгуулийн дараа Хятадтай хэрхэн худалдааны асуудлаар ажиллах вэ мөн түүхий эдийн үнэд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь манай эдийн засагт ихээхэн чухал үүрэгтэй. Мөн түүнчлэн Засгийн цар тахлын нөлөө намжсаны дараа өмнөх жилүүдэд хэрэгжүүлж байсан шиг дорвитой шинэчлэлээ тууштай үргэлжлүүлнэ гэж найдаж байна. Ийм улс төрийн зөвшилцөл байна уу гэдэг маш чухал. Бидний хийсэн төсөөллийн суурь нэг таамаглал нь энэ. Цар тахал намжсаны дараа өрөө, төсвийн алдагдлаа бууруулахад тууштай ажиллана гэсэн үндсэн таамаглал байгаа. Тэр нөхцөлд одоогийн төсөөлөл биелэх боломж нэмэгдэнэ. Мөн авч үзсэн нэг гол зүйл бол Оюутолгойн зэсийн баяжмал дахь алтны агууламж ирэх онд нэлээд өсөхөөр байгаа. Түрүүн хэлсэн гааль, татварын шинэчлэлээс гадна нүүрсний экспорт дээр хэрэгжүүлж буй “Ногоон гарц”-ын хүрээнд нүүрс гайгүй гарах болов уу гэж харж байна” гэж байсан юм.

Тэгвэл цар тахал дотоодод гарснаар эрсдэл бодитоор нүүрлэн, төсөөллүүд ийнхүү хумигдаж байна.

 

Тодотгоход, Дэлхийн банк 2021 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийн тооцооллоо хагас жилийн өмнөхөөс бууруулан, 4 хувь байхаар төсөөлж буйгаа мэдэгдээд байна.

Цар тахлын эдийн засаг дахь сөрөг нөлөөлөл удаан хугацаанд хадгалагдах эрсдэлтэй байгаа учраас 2022 онд дэлхийн эдийн засгийн өсөлт дунджаар 3.8 хувьтай байхаар тооцжээ. Энэ оны тухайд цар тахлын тархалтын эрчим буурахгүй, вакцины хүртээмж нэмэгдэхгүй байвал эдийн засгийн өсөлт 1.6 хувь болж буурч болзошгүйг тэмдэглэсэн байна.

Ковид-19 цар тахал дэлхийн хэмжээнд хөрөнгө оруулалтыг сааруулж буй нь шинээр гарч ирж буй зах зээл болон хөгжиж буй эдийн засгуудын өсөлтийн төсөөллийг бууруулж байна. Хөгжиж буй орнуудын эдийн засгийн нийт өсөлтийг 2021-2022 онд дунджаар 4.6 хувьтай байхаар төсөөлжээ. Үүнд гол нөлөөллийг БНХАУ-аас хүлээж буйг тодотгожээ.

Засгийн газруудын хувьд цар тахлын  тархалтыг хязгаарлах, эмзэг бүлгийн хүмүүст тусламж үзүүлэх, вакцины асуудлыг шийдвэрлэх нь нэн тэргүүний зорилт байх хэрэгтэй. Хямрал намжихын хэрээр бодлого боловсруулагчид өсөн нэмэгдэж буй өрийн дарамтаас үүсэх эрсдлийг тооцох ёстойг мөн сануулж байна. Цар тахлын удаан хугацааны сөрөг нөлөөллийг бууруулах, даван туулахын тулд эрүүл мэнд, боловсролыг хамгаалах, дижитал технологи, ногоон дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх, засаглалыг сайжруулах, өрийн ил тод байдлыг дээшлүүлэх нь чухал болохыг Дэлхийн банк тайландаа дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top