ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 15

Өнөөдөр 2021.01.15. Билгийн тооллын 2.

Монгол эх оронд маань нар 08 цаг 37 минутад мандаж, 17 цаг 26 минутад жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -21 хэм хүйтэн, шөнөдөө -32 хэм хүрч хүйтэрнэ.

Өнөөдөр БНАСАУ-д Солонгос цагаан толгойн өдөр бол Индонезид Далайд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдөр, Венесуэлд Багш нарын өдөр, Египетэд Мод суулгах, Нигерид Зэвсэгт хүчний, Энэтхэгт Армийн өдөр.

Энэ өдөр Америкийн мэдрэлийн эс судлаач, Нобелын шагналт Мартин Чалфи, мэргэжлийн боксчин, дэлхийн аварга Бернард Хопкинс, Оросын кино найруулагч, жүжигчин Егор Кончаловский, Испанийн хөл бөмбөгч Марк Бартра зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1935 оны энэ өдөр Баргын морьт цэргүүд болон Японы 450 цэрэг Монголын зүүн хилийн Халхын сүм, Монгол загасны харуулуудыг эзэлжээ.

1958 оны энэ өдөр Налайхын ил уурхай ашиглалтад оров.

1993 оны энэ өдөр Монголын худалдаа, аж үйлдвэрийн тэнхимийн дэд дарга Б.Мандалсүрэн тэргүүтэй Засгийн газрын эдийн засаг, гадаад худалдааны төлөөлөгчид БНХАУ-д айлчилжээ. Хоёр тал 1993 оны импорт, экспортын бараа бүтээгдэхүүний тухайд тохиролцон, БНХАУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжийн хэлбэрээр Монгол Улсад Хятад хэлний сургалтын төв байгуулах баримт бичигт гарын үсэг зурав.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1936 оны энэ өдөр Испанид Ардын фронт үүсгэн байгуулагджээ.

1943 оны энэ өдөр Пентагоны барилга баригдаж дуусав.

1973 оны энэ өдөр Парисын энхийн хэлэлцээрийн дэвшлээр АНУ-ын зэвсэгт хүчин Хойд Вьетнамын эсрэг бүх цэргийн ажиллагаагаа зогсоожээ.

1992 оны энэ өдөр Европын Холбоо Словени, Хорватын тусгаар тогтнолыг зарлав.

2011 оны энэ өдөр Өмнөд Суданы тусгаар тогтнолын талаарх бүх нийтийн санал хураалт дуусжээ.

Өнөөдөр үс засуулвал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Энэ өдөр хонь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал жатгыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол урд зүгт мөрөө гаргаарай.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top