2021 оны эхний сар дундаа орлоо. Айл өрх, албан байгууллага, ажил хэрэгч хувь хүн бүр шинэ онд хийх ажлаа төлөвлөж байна. Хувь хүний хөгжлийн көүч, менторуудын аминчлан анхааруулахыг сонсвол, жилийн төлөвлөгөө гаргахын тулд өөрийгөө таних, зорилгоо тодорхойлох, цаашлаад цагаа хуваарилах, бүтээмжид анхаарах гээд олон л бодлогыг бодоход хүрнэ.
Гэвч нэн анхаарахаас аргагүй нэг зүйл бий. Том зорилго тавьсан хүн бүхэн түүнд хүрэхийн тулд саад бэрхшээл тулгарна гэдгийг урьдчилан тооцож, сэтгэлзүйн хувьд өөрийгөө бэлтгэх хэрэгтэй юм. Хэдийчинээ том зорилго тавина төдий чинээ том саад, бэрхшээл тулгарна гэсэн үг. Мөнгө санхүүгийн бэрхшээлийг бол тооцох боломжтой.
Харин хажуу дэргэдүүр чинь шивнэлдээд байгаа жиг жуг үгс, “Худлаа юм чинь яадаг юм” гэж тоохгүй өнгөрөөсөн гүжир ярианууд, чадваргүй, мэдлэггүйгээ хошуу дэвсэж, цүнх барьж нөхдөг нөхдийн нүднээс далд хийх үйлдлүүдийг тооцох аргагүй юм. Хэрвээ тэр хүн таны хамгийн итгэлтэй ажилтан, удаан харьцсан түнш, хар багын найз чинь байсан бол гэнэгүй байхад чинь хөмрөх түүний хорлонт мэхийг өрсөн тааварлах нь байтугай далаараа тавиулж, унасан хойноо ч итгэхгүй гайхах вий. Яг тэр үед л өөрийгөө барьж, сэтгэл хөдлөлөө хянах чадвар тун чухал. Тиймээс өөрийнхөө сэтгэл хөдлөлийг өөрөө удирдаж сурах EQ чадамжийг 2021 оныхоо төлөвлөгөөнд заавал оруулаарай.
Сэтгэгдэл ( 1 )
Тархины тураалтай хүмүүст хамаатай юм байна.