Г.ЦЭНГҮҮН
Цай бол монголчуудын чухал нандин зүйлсийн нэг. Бидний хувьд төрсөн цагаасаа цайгаар угаалгаж, хуримласны эхний өдрөө бэрийн цайг зооглож, байшин сууцны шавь тавихдаа сууринд нь цай дэвсэж, хорвоог орхиход нь цай дэрлүүлдэг гээд л амьдралынхаа хамгийн чухал цаг мөчүүдийг цайтай холбон өнгөрүүлдэг уламжлалтай. Уг нь монголчуудын цайны соёл бусад улсуудаас тэгж их доогуур орохооргүй мөр зэрэгцэхүйц өөрийн гэсэн онцлог хэв шинжийг агуулсан урт удаан түүхтэй билээ.
Цайнд кофе болон улаан дарсанд агуулагддаг ургамлын гаралтай антиоксидант хамгийн их байдаг. Цайны ургамал нь хүний биеэс хорт бодисыг гадагшлуулж, хөгшрөлтийг удаашруулаад зогсохгүй элдэв өвчнөөс сэргийлэх орц найрлагыг агуулдаг. Халуун цай уухад хүний сэтгэл санаа тайвширч, оюун санааг дэмждэг учир “Эрүүл биед саруул ухаан оршдог” гэдэг үгний бодит жишээ байх.
Цайны ширээний ард өстөн дайснууд байсан ч халуун дулаан яриа өрнүүлдэг гэдэг. Цай нь өөрөө найман настай балчраас наян настай буурлын ундаа учир бид ингэж нөхөрлөдөг байсан байх. Гэтэл одоо цагт цай гэх ундаа байсаар байтал томчууд нь сархдад дурлаж, багачууд нь хийжүүлсэн ундаа хүртэж эрүүл мэндээ хохироосоор байна. Магадгүй бид хуучны, уламжлалт гэх тодотголтой бүх зүйлсийг халж орчин үеийн шинэлэг гэсэн тодотголтой бүгдэд шуурдаг болохоор тэр юм болов уу. Тиймээс өвөг дээдсээс уламжилж ирсэн цайны соёлыг дэлгэрүүлэн хэрэглэж заншицгаахыг уриалж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )