ОЛОН ӨНГӨ: Цар тахал мартуулсан өдрүүд

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 24

Уг нь бид гуравхан хоногийн өмнө цар тахлын дэглэмтэй, нэг нэг рүүгээ хялайж харах нь халаг байв. Гэтэл нийслэлийн “Өргөө” амаржих газраас дөнгөж төрсөн нялх биетэй бүсгүйг нүцгэн шахам түрэмгийлэн авч яваа дүр зураг олныг хирдхийлгэснээр үймээн өрнөв. Аргагүй өр өвтгөм үйл явдал болсон. Тиймээс монголчуудын төлөөлөл Сүхбаатарын талбайд гарч жагссан нь энэ нийгмийн үнэт зүйл хийгээд эдлэх ёстой эрх чөлөөгөө эдэлсэн цагаас хойш коронаг ор тас мартав. Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид ч зорилгодоо хүрч Засгийн газраа ч огцруулсан нь коронаг мартахад бүр ч нөлөөлөв. Тиймээс цар тахлаа мартан, улс төрөөр амьсгалсан өдрүүд үргэлжилж байна.

Тодотгож хэлбэл ардчилсан улс орны иргэд эрх чөлөө, өөрийнхөө эдлэх ёстой бүхнийг тэмцэн олж болдгийн дүр зургийг харуулсан учраас л коронаг мартахад хүргэлээ. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл монголчууд нийгмийнхээ үнэт зүйлийг олж авах гэж 30 жил бэдэрчээ.

Бид л өөрсдөө ардчилсан нийгэмд амьдарч байна, эрх чөлөө гэх мэтээр эндүүрч явжээ гэдгийг энэ өдрүүд харууллаа. Мэдээжийн хэрэг, Засгийн газар огцрох, Байнгын хорооны хуралдаан, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын мэдээлэл гээд улс төрийн гэнэтийн давлагаа явж л байна. Үүгээр ч зогсохгүй цахим ертөнц цочирдоход хүрч байна. Юун цар тахал, өвчин эмгэг. Өглөө эртлэн сэрэхэд цахим дүүрэн коронагийн мэдээ нэлсхийнэ. Зурагт асаана, коронагийн мэдээ. Ингээд гэрээс гараад алхана, амны хаалт зүүж алсуур дөлж зөрсөн хүмүүс л хөлхөнө. Дэлгүүр хоршоо орно, зай барих гэсэн хүмүүс цухалдаж байв. Гэтэл монголчууд үнэт зүйлийнхээ төлөө хэдэн мянгаараа нэг дор бөөгнөрч чадаж байгааг бид харлаа. Үнэт зүйлийнхээ төлөө аюулт өвчнийг мартан жагсаж байгаа нь гайхалтай дүр зураг юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top