ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 02

Өнөөдөр 2021.02.02. Энэ оны  33 дахь өдөр бөгөөд он дуустал 332 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань өдрийн наран 08:18  цагт мандаж, 17:53 цагт жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод цэлмэг, -16 хэм хүйтэн байна.

Энэ өдөр Интернетийн аюулгүй байдлын олон улсын өдөр, Чарганы нохойг хамгаалах өдөр, Ус, намагт газрын нөөцийг хамгаалах дэлхийн өдөр, Укулеле буюу Хавайн гитарын дэлхийн өдөр тохиож байгаа бол АНУ Тарваганы өдөр, Африк гаралтай дасгалжуулагчдын өдөр, Франц Бялууны баяр, Япон Салаа сүүлтнүүдийг хамгаалах өдөр, Азербайжан Залуусын өдөр, Уэльс Лааны баяр, Тайланд Зохион бүтээгчдийн баяр, Иран Сансрын технологийн өдөр, Филиппин Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэж байна.

Өнөөдөр Уильям Шекспирийн цорын ганц хүү Хамнет Шекспир, Нью Йоркийн Орчин үеийн урлагийн музейг үндэслэгч Соломон Гуггенхайм, Австрийн хөгжмийн зохиолч Лео Фалл, Монголын Ардын хувьсгалын удирдагч Д.Сүхбаатар, ЗХУ-ын Баатар нисгэгч Валерий Чкалов, АНУ-ын зохиолч Айн Ренд, БНСУ-ын 11 дэх ерөнхийлөгч Пак Гын Хэ, Колумбын алдарт дуучин, загвар өмсөгч Шакира, Испанийн хөлбөмбөгч, дэлхийн болон Европын аварга, дуучин Шакирагийн нөхөр Жерар Пике нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

-1238 онд Бат хаан Москва хотыг шатаав.

-1421 оны энэ өдөр Бээжин хотноо Хориотой хот баригдаж дуусав.

-1461 онд Улаан, Цагаан сарнайн дайнд Йоркууд ялалт байгуулав.

-1848 оны энэ өдөр Сан Францискогийн усан онгоцны зогсоолд хятад цагаачдыг тээвэрлэсэн анхны усан онгоц ирэв.

-1922 онд Франц улсад Жеймс Жойсын “Улисс” тууж бүтэн эхээр хэвлэгдэн гарчээ.

-1943 оны энэ өдөр Сталинградын тулаан өндөрлөв.

-1970 онд Германы Мюнхен хотноо мэдрэлийн эс шилжүүлэн суулгах анхны мэс заслыг хийж байжээ.

-1998 онд Филиппинд “Douglas DC-9” онгоц уул мөргөж осолдсоны улмаас 104 хүн амиа алдав.

-2008 оны энэ өдөр Францын ерөнхийлөгч асан Николя Саркози загвар өмсөгч Карла Брунитэй гэрлэх ёслол болов. Ингэснээр Николя Саркози төрийн тэргүүний албан тушаалыг хашиж байхдаа гэрлэсэн Францын анхны ерөнхийлөгч болж байв.

-2009 оны энэ өдөр Зимбабвед мөнгөний ханш 1 000 000 000 000 : 1 хэмжээгээр унав.

Үс шинээр үргээлгэх буюу засуулвал өлсөж, ундаасна. 

Таны өнөөдрийн ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top