ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 04

Өнөөдөр 2021.02.04. Энэ оны  35 дахь өдөр бөгөөд он дуустал 330 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань өдрийн наран 08:16  цагт мандаж, 17:58 цагт жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг, -8 хэм хүйтэн байна.

Энэ өдөр Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр, Усны гутлын өдөр тохиож байгаа бол Япон Хавар эхэлсний баяр, АНУ Шууданчид талархах өдөр, Канад ноосон цамцны өдөр, Шри Ланка Тусгаар тогтнолын баяр, Тайван Тариаланчдын баяр, Ангол Зэвсэгт тэмцлийн өдрийг тэмдэглэж байна.

Өнөөдөр Францын их хошин зохиолч Франсуа Рабле, Германы анхны ерөнхийлөгч Фридрих Эберт, аэродинамикийн онолын үндэслэгч эрдэмтэн Людвиг Прандтл, ЗХУ-ын маршал Климент Ворошилов, Дэлхийн ван гарагийг нээсэн одон орон судлаач Клайд Уильям Томбо, АНУ-д хар арьстнуудын иргэний эрхийн төлөөх хөдөлгөөнийг санаачилсан Роза Паркс, Австралийн дуучин, жүжигчин Натали Имбрулья, Францын дуучин Лесли нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

-1169 оны энэ өдөр зүүн Сицилд газар хөдөлсний улмаас 15 мянган хүн амиа алдав.

-1703 онд Японы Эдод 47 ронин жинхэнэ самурайн нэр төртэй үхэл болох сэппүкү зан үйл хийж байжээ.

-1755 онд Оросын хатан Елизавета Москвагийн их сургуулийн байгуулах тухай зарлиг гаргаж байжээ.

-1789 оны энэ өдөр АНУ-ын сонгогчдын коллеги Жорж Вашингтоныг АНУ-ын анхны ерөнхийлөгчөөр сонгож байв.

-1921 онд Барон Унгерн Монголын нийслэл Өргөө хотыг хятад цэргээс чөлөөлөв.

-1935 онд Москвагийн метроны туршилтын галт тэрэг замд гарч байжээ.

-1975 оны энэ өдөр Хятадын Ляонин мужийн Хайчэн хошуунд газар хөдөлсний улмаас 1328 хүн амиа алдаж байжээ. Энэ нь түүхэн дэх асар хүчтэй газар хөдлөлтийн өмнө ард иргэдийг амжилттай нүүлгэн шилжүүлсэн анхны цорын ганц тохиолдол юм.

-1976 онд Гватемалд газар хөдлөлт болсны улмаас 23 мянган хүн амиа алдав.

-2004 оны энэ өдөр Facebook интернет ертөнцөд “хөл тавив”.

-2020 оны энэ өдөр КОВИД-19 цар тахлын улмаас Макаогийн бүх казиног 15 хоногийн хугацаагаар хаав.

Үс шинээр үргээлгэх буюу засуулвал идээ ундаа элбэг олдоно. 

Таны өнөөдрийн ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top