Автобусны жолооч нар тэргэнцэр өргөх тавцанг ихэнхдээ ажиллуулдаггүй

2021 оны 03 сарын 19

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор, Гүйцэтгэх захирал Б.Энхжаргал нарыг өнөөдөр (2021.03.19) хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос Улаанбаатар хотын зам талбай, барилга байгууламжийг тэргэнцэртэй хүмүүст хүртээмжтэй болгох талаар явуулсан үйл ажиллагаа, тулгамдсан асуудлыг танилцуулж, нийтийн тээвэр, өрхийн эмнэлэг, явган хүний замыг тэргэнцэртэй иргэдэд хүртээмжтэй болгоход хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Монгол Улс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид 2009 онд нэгдэн орж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 онд баталж, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яаманд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал хариуцсан хэлтэс, бие даасан агентлаг байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зарцуулагдах төсвийг нэмэгдүүлэх зэргээр хууль тогтоомж, бодлогын төвшинд ахиц дэвшил гарсан.

Гэвч бодлогын эдгээр өөрчлөлт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралд бодитой өөрчлөлт авчирч, төдийлэн чадахгүй байгаа юм. Тухайлбал, өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд 100 гаруй чиглэлд үйлчилдэг 940 автобус байгаагийн 24 нь тэргэнцэртэй иргэдийг тээвэрлэх тоноглолтой, нэг өдөрт тэдгээрийн 8 нь л үйлчилгээнд явдаг. Автобусны жолооч нар өдрийн норм, цагт шахагдаж ажилладаг учраас тэргэнцэр өргөх тавцанг ихэнх тохиолдолд ажиллуулдаггүй.

Хүн бүрт нийцтэй орчинг бий болгоход төсөв, хөрөнгө оруулалт шаардлагатай ч энэ мэт бодлого, зохион байгуулалтын хүрээнд нэн даруй шийдвэрлэх боломжтой цөөнгүй асуудал байгааг, хот суурингийн зам, талбайг тэргэнцэртэй хүмүүс төдийгүй ахмад настнууд, нялхас, дугуйтай зорчигчид зэрэг бүх төрлийн дугуйт хэрэглэгчид нийцтэй болгоход хуулийг хэрэгжүүлж, тогтолцоог бүрдүүлж, ажиллуулж буй албан тушаалтан, хүмүүсийн хандлага, сэтгэлгээг өөрчлөх нь нэн чухал болохыг талууд онцоллоо.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gerelt(66.181.191.89) 2021 оны 03 сарын 20

Huuh iim zoriulsltiin tabtsan bdiimuu ystoi haraagui bn ajiluulbal hul gar muutAi humuust zugeer l ym bn

0  |  0
Зочин(66.181.185.234) 2021 оны 03 сарын 19

Автобусны жолооч нарыг шатыг нь буулгуулах арга хэмжээг хотын захиргаанаас гаргаж заавал мөрдүүлэх журам гаргах хэрэгтэй, энэ цэвэр хотын захиргааны ажил

0  |  0
Top