ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 05

Өнөөдөр 2021.04.05. Билгийн тооллын 23. Монгол эх оронд маань нар 06 цаг 22 минутад мандлаа. 19 цаг 27 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 10 хэм, шөнөдөө -3 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Өмнөд Солонгост мод тарих өдөр, Палестинд Хүүхдийн өдөр тохиож байна.

Энэ өдөр АНУ-ын 65 дахь Төрийн нарийн бичгийн дарга Колин Паувелл, Халимагийн анхны Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, Греммигийн 11 удаагийн шагналт Америкийн рэппер Фаррелл Уиллиамс, Өмнөд Солонгосын жүжигчин Шин Мин-А, Германы хөлбөмбөгч Тимо Хильдебранд зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1904 оны энэ өдөр олон улсын түвшинд анх удаагаа регбигийн тоглолт зохиогджээ.

1915 оны энэ өдөр Кубын нийслэл Гавана хотод болсон мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аваргын тоглолт Жесс Уиллард, Жек Жонсон нарын хооронд болж, Ж.Уиллард итгэмээргүй ялалт байгуулж, дэлхийн аварга болжээ.

1998 оны энэ өдөр Аважи арлыг Кобе хоттой холбосон Акаши Кайкио гүүр ашиглалтад оров. Уг гүүр дэлхийн хамгийн урт гүүр болсон юм.

2009 оны энэ өдөр Хойд Солонгосын удирдагч “Кванмёнсон-2” хиймэл дагуулыг хөөргөсөн нь олон улсын түвшинд маргаан дагуулсан билээ. Японы талаас үүнийг эх орныг нь тагнах, мэдээлэл цуглуулах зорилготой гэж үзсэн тул НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зургаан талт яриа хэлэлцээрийг эхлүүлжээ.

Энэ өдөр үс засуулбал Эд эдлэл, идээ ундаа олдоно.

Эл өдөр гахай, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал худалдаж авах, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай юм.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top