ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2021 оны 04 сарын 06

Өнөөдөр 2021.04.06. Билгийн тооллын 25. Монгол эх оронд маань нар 06 цаг 20 минутад мандлаа. 19 цаг 29 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 12 хэм, шөнөдөө -2 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Америкийн төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, Оскарын шагналт Андре Превин, найруулагч Бэрри Левинсон, жүжигчин Майкл Рукер, Пол Радд, Зак Брафф, Орос, Украины жүжигчин Виктор Сарайкин, Оросын “Иванушки International” хамтлагийн дуучин Кирилл Андреев зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1994 оны дөрөвдүгээр сарын 6-11-нд Монгол Улсын ГХ-ийн сайд Ц.Гомбосүрэн БНХАУ-д албан ёсны айлчлал хийв. Хоёр улсын ГХ-ийн сайд нар Хятад, Монгол хоёр улсын найрсаг хамтын ажиллагаа болон харилцан сонирхож буй олон улсын асуудлаар санал солилцжээ. Хоёр талын сайд нар хэлэлцээр өндөрлөсний дараа “БНХАУ-ын ГЯЯ болон Монгол Улсын ГЯЯ-ны хамтын ажиллагааны баримт”-д гарын үсэг зурж, мөн “БНХАУ ба Монгол Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

2005 - Монгол Улсын Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү БНХАУ-д айлчлал хийжээ. Энэ үеэр Хятадын Аялал жуулчлалын удирдах газрын дарга Шао Чивэйтэй уулзаж, санал солилцов. Хятадын Засгийн газар Монгол Улсад аялах зорилготой хятад иргэдэд Монгол нээлттэй болохыг хүлээн зөвшөөрсөн болохыг дурджээ. Мөн Монгол Улсын хувьд Хятадын бизнесменүүдийн хөрөнгө оруулалтыг хүлээн авч, БНХАУ-тай аялал жуулчлал, зам харилцааны дээд бүтцийг байгуулах зэрэг талын хамтын ажиллагааны эрчийг нэмэгдүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлэв.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1947 - Америкийн театрын урлагийн шилдгийг шалгаруулах Тонигийн наадам анх удаагаа зохиогджээ.

1957 - Грекийн усан онгоцны саятан Аристотель Онассис Элленикийн үндэсний агаарын тээврийн компанийг худалдан авч, нэрийг нь “Olympic Airlines” болгон өөрчлөв.

1965 - Дэлхийн анхны харилцаа холбооны хиймэл дагуул хөөрчээ.

Энэ өдөр үс засуулбал Нүд бүрэлзэн улцайна.

Эл өдөр хулгана, луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, хараал, жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top