ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 07

Өнөөдөр 2021.04.07. Билгийн тооллын 26. Монгол эх оронд маань нар 06 цаг 18 минутад мандлаа. 19 цаг 30 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 14 хэм, шөнөдөө 0 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр. Словенид өнөөдөр Төрийн далбааны өдөр бол Руандад Хоморголон устгалтад өртсөн хүмүүсийг дурсах, Арменд Эх хүний гоо сайхны, Мозамбикт Эмэгтэйчүүдийн, АНУ-д Үндэсний шар айрагны өдөр юм.

Өнөөдөр Америкийн кино найруулагч, Оскарын зургаан удаагийн шагналт Фрэнсис Форд Коппола, Германы Канцлер асан Герхард Шрёдер, Хонконг, Америкийн жүжигчин, найруулагч, тулааны урлагийн мастер Жеки Чан, Шинэ Зеландын жүжигчин, Оскарын шагналт Рассел Кроу, Оросын жүжигчин, хөтлөгч Михаил Полицеймако, Францын хөл бөмбөгч Франк Рибери зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1930 - Улсын зургаадугаар их хурал хуралджээ. Тус их хурлаар нутгийн засаг захиргааны хуваарьт өөрчлөлт хийх тухай шийдвэр гаргав. Мөн латин үсгийг улсын албанд хэрэглэх шийдвэр гаргажээ.

1955 - Хятад-Монголын “БНМАУ-ын бүтээн байгуулалтад туслах ажилчид томилох тухай хэлэлцээр”-т гарын үсэг зуржээ.

1961 – “БНХАУ болон БНМАУ-ын 1961 оны Соёлын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ. Гэрээний дагуу хоёр улсын Засгийн газраас эрдэм шинжилгээ, судалгааны ажилтан, дээд боловсролтой ажилтан, жүжигчдийг харилцан илгээх тухайд тохиролцов.

2006 - БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас хоёр улс Энх тайвны гүүрийг засан сэлбэх барилгын хэлэлцээрт гарын үсэг зурж, хятад ажилчид тавдугаар сараас эхлэн Энх тайвны гүүрийг засах ажил эхлэх болсныг зарлажээ.

2005 - Монгол Улсын Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү БНХАУ-д айлчлал хийв. Энэ үеэр Хятадын Аялал жуулчлалын удирдах газрын дарга Шао Чивэйтэй уулзаж, санал солилцжээ. Хятадын Засгийн газар Монгол Улсад аялах зорилготой хятад иргэдэд Монгол нээлттэй болохыг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдав. Мөн Монгол Улсын хувьд Хятадын бизнесменүүдийн хөрөнгө оруулалтыг хүлээн авч, БНХАУ-тай аялал жуулчлал, зам харилцааны дэд бүтцийг байгуулах зэрэг талын хамтын ажиллагааны эрчийг нэмэгдүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлэв.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

2001 - Ангараг гарагийг судлах зорилготой “Одиссей” хөлөг хөөрчээ.

2003 - АНУ-ын цэргүүд Багдадыг эзлэв.

Энэ өдөр үс засуулбал Жаргал үргэлжид ирнэ.

Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top