ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 14

Өнөөдөр 2021.04.14. Билгийн тооллын 2. Монгол эх оронд маань нар 06 цаг 05 минутад мандлаа. 19 цаг 40 минутад жаргана.

Улаанбаатарт хур тунадастай. Өдөртөө 8 хэм, шөнөдөө -3 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Энэ өдөр Япон, Өмнөд Солонгост хосуудын эрчүүд нь эмэгтэйдээ бэлэг өгдөг өдөр. Андоррад Үндсэн хуулийн өдөр, Эстонд Эх хэлний өдөр тохиож байна.

Өнөөдөр ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Ази тивийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэгийн төрсөн өдөр. Тэрбээр 1990 оны энэ өдөр мэндэлжээ. Дэлхийн алдартнуудаас өнөөдөр Уэлсийн хөлбөмбөгчин Жо Аллен, Исландын хөлбөмбөгчин Колбейнн Сигторссон, Олимпийн дөрөв, Дэлхийн 10 удаагийн аварга, Америкийн гимнастикч Симон Байлс нар төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1955 оны энэ өдөр “Хятад Монголын эдийн засаг ба соёлын хамтын ажиллагааны гэрээ”-г үндэслэн боловсруулсан “Хятад Монголын соёлын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх 1955 оны төлөвлөгөө”-г ажлын хэсэг хэлэлцжээ. БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин болон БНМАУ-ын ГЯЯ-ны сайд Б.Жаргалсайхан нар тус тусын Засгийн газрыг төлөөлж Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан байна.

2013 оны энэ өдөр Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хурал болж, хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх асуудлыг хэлэлцэж, дэмжив.

Мөн оны энэ өдөр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, МИАТ-ийн хэрэгт шалгах шаардлагатай гэдэг саналыг Улсын мөрдөн байцаах газраас гаргасныг прокурор дэмжиж, Цэцэд хүргүүлжээ. Энэ дагуу уг асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн зөвлөгөөнөөр хэлэлцээд, Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсан шийдвэр гаргасан.

2014 оны энэ өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хигийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийжээ. Мөн энэ өдөр Монголын соёлын “Дэлхий” ассоциацаас санаачлан Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консулын газрын дэмжлэгтэйгээр гуравдугаар сарын 18-наас эхлэн долоо хоногийн турш “Монголын өдрүүд”-ийг Хонконгт зохион байгуулахаар болжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1942 оны энэ өдөр шинээр нээсэн пенициллинийг анх удаа өвчтөн дээр туршжээ.

2008 оны энэ өдөр Түвдийн Лхас хотод тусгаар тогтнолыг дэмжсэн олон арван жагсаал, бослого хөдөлгөөн болж байлаа.

Энэ өдөр үс засуулбал Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top