ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 20

Өнөөдөр 2021.04.20.  Энэ жилийн 110 дахь өдөр ба он дуустал 255 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань нар 05 цаг 53 минутад мандлаа, 19 цаг 49 минутад жаргана. Улаанбаатар хотод 19 хэмийн дулаан, үүлэрхэг. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр НҮБ-ын Хятад хэлний өдөр, Хар тамхитай тэмцэх олон улсын өдөр тохиож байгаа бол ОХУ Үндэсний цусны донорын өдөр, Сьерра Леоне Улс тунхагласны баяр, Уругвай Гучин гурван экспедицийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Японы 110 дахь эзэн хаан Го Комё, Адольф Гитлер, Италийн дуучин Эрмал Мета, Олимпын аварга, Канадын хоккейчин Брент Сибрук, Австралийн загвар өмсөгч Миранда Керр нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртасна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

-1962 онд Монголын Ардчилсан хувьсгалт хөдөлгөөний удирдагчдын нэг, нэрт улстөрч Санжаасүрэнгийн Зориг энэ өдөр мэндэлжээ. Тэрээр 1998 оны аравдугаар сарын 1-2-нд шилжих шөнө бусдын гарт амиа алдсан юм.

-2013 оны энэ өдөр Монгол хүн анх удаа Хойд туйлд хөл тавьжээ. Уулчин Г.Өсөхбаяр энэ өдөр хойд мөсөн далайг явган туулж, дэлхийн зулай, туйлын 90 градусын цэгт төрийн далбаагаа мандуулжээ.

-2015 онд Монголбанк нацист Германыг ялсны 70 жилийн ойн баярт зориулан дурсгалын мөнгөн зоос гаргав. Зоосон дээр Москвагийн Кремлийн цамхаг, Эх орны дайны одонг дүрсэлж, “70 лет Великой Победы” гэж бичжээ. 2500 ширхэг үйлдвэрлэсэн зоосон мөнгө 25 гр жинтэй, 925 сорьцын мөнгөөр хийгдсэн, 500 төгрөгийн номиналтай байв.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:

-1841 оны энэ өдөр дэлхийн уран зохиолын түүхэнд анх удаа Америкийн зохиолч Эдгар Алан Погийн “Морг гудамжин дахь аллага” детектив өгүүллэг нийтлэгджээ.

-1865 онд аюулгүй шүдэнз гарсан тухай анх удаа зарлаж байв.

-1920 онд Антверпений VII зуны Олимпын их наадам эхэлжээ.

-1992 оны энэ өдөр Фредди Меркюрийн гэгээн дурсгалд зориулсан концерт “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болов.

-1993 онд “Backstreet Boys” хамтлаг үүсгэн байгуулагдаж байв.

-2001 оны энэ өдөр Хятад улс уламжлалт бус бэлгийн чиг хандлагыг сэтгэцийн өвчний жагсаалтаас албан ёсоор хасжээ.

-2001 онд Британийн домогт хөгжимчин Пол Маккартни Их Британийн поп хөгжмийн түүхэн дэх хамгийн анхны тэрбумтан болж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top