Хүн төрөлхтөн түүхийнхээ бүхий л үед шинэ зүйлсийг нээж, нүүр тулгарсаар ирсэн. Жишээ нь, бид өнөөдөр цахим орчин гэдэг зүйлд умбаж суугаа чинь түүний л нэг. Харин үүний нөлөө нь төрөл бүрийн зүйл дээр илэрч байна. Тухайлбал, аливаа асуудалд шийдэл олохоос илүү тухайн зүйлийн талаар санаа оноогоо хэлээд л өнгөрч байгаа. Өнөө асуудал нь нийгэмдээ ужгираад л үлдэнэ.
Бидэнд шийдлээс илүү шинэ хэлэлцчих сэдэв л хэрэгтэй байдаг болсон гэх юм уу даа. Арав битгий хэл таван жилийн өмнө жагсаал цуглаан болоод сүйд болох байсан сэдвүүд өнөөдөр зүгээр л амны зугаа болоод өнгөрч байна. Энэ нь хөл хориотой бол бүр ямар ч холбоогүй. Учир нь олноороо цугларч, жагсаж эсэргүүцэл үзүүлэхийн оронд цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэхэд л сэтгэл бүрнээ ханаж байгаа хэрэг л дээ. Дээрээс нь нэг сэдэв нөгөөгөө дараад үргэлжлэх хэрээр өмнөх асуудал өндрөө авахгүй өнгөрдөг. Тийм ч болохоор сошиал орчинд илэрхийлсэн давлагаа, үзэл бодол төрийн чихэнд байтугай түмний толгойд ч үлдэхгүй арилж байгаа юм.
Сүүлийн долоохон өдөр юу болов гээд бодъё. Эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг хэмээх нэг баян хүнийг мууллаа, төрийн тэтгэлгээр гадаадын сургуульд хүүхдээ явуулахыг завдсан өөр тэрбумтныг жигшлээ, Төрийн тэргүүн нь төрийн эрхэнд халдах мэдэгдэл хийж заналхийлснийг гайхлаа. Тус бүртээ ёс зүй хийгээд хууль зүйн асуудал дагуулах зүйлс шүү дээ. Одоо бид зөвхөн шинэ сэдвээ л хүлээж байгаа. Тэгээд тэр талаараа сошиалд бичиж тайтгарна даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )