ОЛОН ӨНГӨ: Муу мэдээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 24

Муу мэдээ сонсож болно, дагаж болохгүй гэдгийг олон нийтэд нэг сануулах цаг нь болсон бололтой.

Цахим сэтгүүл зүй, мэдээлэл дамжуулах технологи эрчээ авахын хэрээр баримтад түшиглэх, мэдээллийг тал бүрийн эх сурвалжаар шалгах зарчим бүдгэрч, илүүтэй хурдад суурилах боллоо. Үүнээс гадна мэдээний үзэгчдийн тоогоор өрсөлдөх нь ихэссэн.

Тодруулбал, тухайн мэдээллийн байгууллага, хувь хүний хийж олон нийтэд цацсан бичлэг, дүрс, текст хүлээн авагчийн тоон үзүүлэлтээрээ урамшуулалтай болчихсон хэрэг. Ийм өрсөлдөөний талбарт аливаа хэлбэрээр бусдад мэдээлэл хүргэж байгаа хүн өөрийнхөө хийсэн зүйлийг аль болох олон хүнд хүргэхийг зорино. Эхэндээ илт худал мэдээлэл цацаж хандалт татах явдал ажиглагдаж байлаа. Хүмүүс хэрсүүжих хэрээр тэр хандлага арилж байна. Харин худал биш атлаа зөвхөн анхаарал татах зориулалттай хэрэгцээгүй мэдээлэл бэлтгэхэд асар олон хүн хөдөлмөрөө зориулж эхэлсэн. Энэ нь хүлээн авч буй хүмүүсийн сэтгэл зүйтэй илүү холбоотой юм. Учир нь хүн гэдэг амьтан сайнаасаа илүү муу мэдээнд татагддаг араншинтай.

Хэл үүссэн анхдагч шалтгаан нь нэг нэгэндээ анхааруулга өгөх зориулалттай байсан гэдэг. Яг үүн шиг гал түймэр, хүчин, аллага, авлига, албан тушаалын наймаа тойрсон асуудал олон нийтийн анхаарлыг илүү татдаг. Үүн дээр нь тоглолт хийгээд байна гэсэн үг.

Зарим эрх мэдэлтэн цахим орчны энэ согогийг ашиглан өөрийг нь тойрсон аливаа асуудлыг анхаарлын төвөөс гаргаж байна.

Хамгийн харамсалтай нь, муу мэдээ гэдэг зүйл өргөжихийн хэрээр өнөө жигшин зэвүүцдэг аллага, хүчирхийлэл, авлига байх л ёстой зүйл мэт ойлголтыг өргөн хүрээтэйгээр нийгэмд нэвчүүлэх боллоо. Гэтэл энэ хорвоо дээр чинь сайн нь муугаасаа олон юм шүү дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top