ОЛОН ӨНГӨ: Хайр, халамж хэзээ ч ихэддэггүй

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 05

Эхнэр, нөхөр, ижий аав, үр хүүхэд гээд бидэнд хайрлах, халамжлах хүмүүс зөндөө бий. Дээрээс нь анд нөхөд, ажлын хамт олноосоо эхлээд зөрж өнгөрсөн танихгүй нэгнийг ч гэсэн хайрлах, энэрэх хэрэгтэй аж. Энэ бодлыг минь өвчин тахал, хөл хорионоос үүдэлтэй эмзэг хэцүүхэн мэдээнүүд өдрөөс өдөрт өөрт минь баталж өгсөөр байна. Нэг үгээр бол хүчирхийлэл гэдэг бүрэн гүйцэт хайрлуулаагүй хүнээс л гардаг байх.

Хайрлуулж өссөн, хүмүүжлийн наад захад суралцсан хүн бол юумны духанд хүрэлгүйгээр асуудалд ороолцолдохгүй. Тийм ч учраас хайр энхрийлэл, халамж анхаарал багаддаг уу гэхээс ихэддэггүй ажээ. “Хүүхэд, цэцэг хоёрыг хайрлаад л байвал ургаад байдаг” гэдэг шиг хэнд ч бай сайхан сэтгэлээр хандаад, анхаарал тавиад байвал байнга уурлаж бухимдаад хараагаад байх нь юу л бол.

Дээрээс нь хэзээ үхэхээ мэдэхгүй, нэг л амьдрах орчлонг хар бараанаар амьдарч өнгөрөөгөөд дараа нь түүгээрээ үүрд дурсагдах онцгүй биздээ. Тиймээс одоо л амьдран буй цаг хугацаагаа улам сайхан болгохын төлөө бусдадаа хайр, халамжийг харамгүй үзүүлэх л хэрэгтэй. Мэдээж нөгөө талаар уучлал, талархал, хүндлэл бол хүмүүс бидний мартаж огт болохгүй зүйлс.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top