ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 05

Өнөөдөр 2021.05.05.  Энэ жилийн 125 дахь өдөр ба он дуустал 240 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань нар 05 цаг 28 минутад мандаж, 20 цаг 10 минутад жаргана.

Улаанбаатар хотод 8 хэмийн дулаан, цас орно. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Гарын ариун цэврийг сахиулах дэлхийн өдөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр, Олон улсын Эх баригч эмч нарын өдөр тохиож байгаа бол Австри Хүчирхийлэл, арьс өнгөний үзэлтэй тэмцэх өдөр, Беларусь Хэвлэлийн өдөр, Дани Чөлөөлөлтийн өдөр, Киргиз Үндсэн хуулийн өдөр, Палау Өндөр настнуудын баяр, Этиоп Эрх чөлөөний өдөр, Япон болон БНСУ Хүүхдийн баярыг тэмдэглэж байна.

Энэ өдөр сарны гэрэл зургийг анх авсан химич, гэрэл зурагчин Жон Дрейпер, Германы гүн ухаанч, коммунизмын онолыг үндэслэгч Карл Маркс, Рейхстагийн дээвэрт Ялалтын тугийг намируулсан Зөвлөлтийн тагнуулч Михаил Егоров, Английн дуучин Адель, дуучин Крис Браун, дэлхийн гурван удаагийн аварга, уран гулгаач Гейтан Чен нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

-1922 онд Ноёд лам нарыг өөрсдийн хуучин албат, хамжлага, ардуудаас албан татвар авах эрхийг хасжээ.

-1961 оны энэ өдөр 1960 онд байгуулсан “БНХАУ-аас БНМАУ-ын бүтээн байгуулалтад туслах ажилчид үйлдвэр бүтээн байгуулах тухай гэрээ”-ний дагуу 1961 онд эхний хэсэг болох 754 хүн Улаанбаатарт ирэв.

-1992 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын бүх цэргийн хар тугийг залах ёслол болжээ. Урлагийн Гавьяат зүтгэлтэн М.Амгалангийн зургаар хийсэн тэрхүү хар сүлдийг бүтээхэд 500 гаруй хүн, 16 байгууллага оролцож, Монгол Улсын 200 гаруй сумын 1000 гаруй азарганы хөхөл үс цуглуулжээ.

-2017 оны энэ өдөр Аугаа Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний нээлтийн ёслол Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд болов.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:     

-1260 оны энэ өдөр Хубилайг Монголын Эзэнт гүрний их хаанаар өргөмжлөв.

-1821 онд Наполеон Бонапарт Гэгээн Хелений арал дээр нас баржээ.

-1836 онд Европ тивийн анхны төмөр замын нээлт болов.

-1921 оны энэ өдөр Франц улсад “Chanel No.5” үнэртэй усыг анх удаа танилцуулж байжээ.

-1925 онд АНУ-ын Теннесси мужийн хуулиар хориглосон Чарлз Дарвины хувьслын онолын талаар хичээл заасан 24 настай багш Жон Скоупсыг баривчилж байв. “Бичний” гэсэн тодотгол авсан шүүх хурал дэлхийн нийтийн анхаарлыг татав.

-1956 онд Токио хотноо жүдогийн анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байжээ.

-1988 оны энэ өдөр Эверестийн оргилоос анхны телевизийн дамжуулалтыг хийв.

-2004 онд Тайванийн парламент албан ёсны баримт бичгийн зүүнээс баруун тийш бичих тухай хуулийг баталж байжээ.

Энэ өдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин эмгэг ирнэ.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top