Өөрт байгаа зүйлээ хайрлаж сурах нь хүнд байх ёстой нэг төрлийн чадвар юм. Зарим хүнд гэр бүл хамгийн чухал байдаг. Гэр бүлийнхээ л төлөө амьдардаг хүмүүс байна. Өөрөө сайхан хувцас авч өмсөхийнхөө оронд охиндоо, хүүдээ, аавдаа, ээждээ дулаахан хувцас авч өгдөг. Өөрөө амттай юм авч идэж байхаар бусадтай хуваалцах зүйл хийдэг. Бусдад тусалдаг. Эргэн тойрны хүмүүсийнхээ баяр гунигийг хуваалцдаг, ойлгож итгэдэг олон сая хүн бидний ертөнцөд чимээтэй, чимээгүй амьдарсаар байдаг. Мөн зарим хүний хувьд нэр төр, амжилт, итгэл үнэмшил, байр суурь, хөрөнгө мөнгө чухал байдаг. Өөрт хамгийн чухал зүйлийнхээ араас хүн явж тэмцэж олж авдаг. Гэхдээ тэдгээрээ олж авсныхаа дараа мартчихдаг нь бий.
Амьдралынхаа явцад тэр хамгийн чухал гэсэн зүйлсээ бид мартдаг. Гэр бүл хамгийн чухал атал ажлын төлөө махруу зүтгэхдээ тэднийхээ аз жаргал нь чи, чиний аз жаргал нь тэд болохоо мартдаг. Зорилгынхоо төлөө тасралтгүй тэмцэхдээ эрүүл мэндээ умартдаг. Бусдыг хайрласаар өөрийнхөө хэн болохыг, юу хүсдэгээ ч мартаж, нэр хүнд, байр суурь олж авахдаа ёс зүй, хүнлэг сэтгэлээ мартана. Хэрвээ мартсан бол одоо хүсэж байгаа зүйлийн чинь өмнө та юу хүсэж байснаа эргээд нэг санаарай. Хүсэл нь биелсэн бол тантай хамгийн ойр байж таарна. Тэр ойр байгаа дурсамжаа, ойр байгаа хүмүүсээ, итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөл, үнэт зүйл, зорилгоо марталгүй санаж хайрлаж яваарай. Хэсэгхэн ч гэсэн мартсан бол өнгөлж тордоод, чамд ямар үнэтэй байсан, одоо ч үнэтэйг нь сануулж, урам хайрлаарай.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Үхэр монголчууд ойлгохгүй юм бичиж. Уг нь бол тийм л дээ.