ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 11

Өнөөдөр 2021.05.11. Билгийн тооллын 30. Монгол эх оронд маань нар 05 цаг 19 минутад мандлаа, 20 цаг 18 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 10 хэм, шөнөдөө -1 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Индонезид Үндэсний зэвсэгт хүчний өдөр бол Энэтхэгт Үндэсний технологийн өдөр, Вьетнамд Хүний эрхийн өдөр.

Өнөөдөр Америкийн жүжигчин Фрэнсис Фишер, Мексикийн жүжигчин Мария Сорте, Зөвлөлт, Украины хөгжмийн зохиолч, продюсер Константин Меладзе, Германы “Rammstein” хамтлагийн бөмбөрчин Кристоф Шнайдер, Америкийн кино найруулагч, продюсер Марк Невелдайн, Францын жүжигчин Бенуа Мажимель, Летиция Каста, Испанийн хөл бөмбөгч Андрес Иньеста зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1932: Монголын төв, Баруун хэсгийг хамарсан хувьсгалын эсэргүү бослого дэгджээ. Зэвсэглэсэн 13 отрядын 3000 орчим шар цэрэг оролцсон уг бослого Завханы Их-Уул, Тосонцэнгэл, Хөвсгөлийн Рашаант, Ренчинлхүмбэ, Архангайн Мөрөн, Тариат, Агьтын хүрээ хийдүүдэд төвлөн, үйл ажиллагаагаа явуулж байв. Уг бослого зургаан сар орчим үргэлжлэх хугацаандаа улсад ихээхэн хохирол учруулжээ. Дотоодыг хамгаалах газар, цэргийн яамнаас томилсон тусгай хорооныхон ба сайн дурын морьт отрядуудын хамтарсан хүчээр том, жижиг зэвсэгт тулгаралтуудын үр дүнд дарагдсан юм.

1939: Халх голын байлдаан эхлэв. Монгол Улсын дорнод хил, Халхын гол орчмоор Японы милитаристууд гэнэт халдан довтолж, дорно зүгт дарийн утаа суунагласан юм. Халх голын дайн Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт дөрвөн сар үргэлжилжээ.

1979: БНМАУ, Мадагаскар улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

2013: МАХН-ын Бага хурлаас 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Удвалыг нэр дэвшүүлжээ. Тэрбээр Монгол Улсын түүхэнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин, өрсөлдсөн анхны эмэгтэй болов.

2013: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цаатан иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах зорилгоор тайгад амьдардаг 18 хүртэлх насны цаатан хүүхдэд Хангайн бүсийн амьжиргааны доод түвшний 50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгохоор Засгийн газраас журам баталжээ.

Энэ өдөр үс засуулбал эрлэг лугаа учирна.

Эл өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтнүүд элдэв үйлд хянамгай хандаарай. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү, сангийн эх татах, эд агуурс авах, лус тахих, мал худалдаж авах, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдаж авахад тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top