ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 31

Өнөөдөр 2021.05.31. Билгийн тооллын 20. Монгол эх оронд маань нар 04 цаг 58 минутад мандлаа, 20 цаг 42 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 9 хэм, шөнөдөө 0 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн тамхигүй өдөр. Мөн Дэлхийн тэгш бус байдалтай тэмцэх өдөр. Казахстанд өнөөдөр улс төрийн хэлмэгдүүлэлт болон өлсгөлөнд нэрвэгдэгсдийг дурсах өдөр бол ӨАБНУ-д Бүгд найрамдах улсын өдөр юм.

Өнөөдөр Америкийн жүжигчин Лиа Томпсон, Мексикийн жүжигчин Виктория Руффо, Америкийн жүжигчин, модель Брук Шилдс, Францын жүжигчин Сандрин Боннер, Италийн кино найруулагч, “Оскар”-ын шагналт Паоло Соррентино, Ирландын жүжигчин Колин Фаррелл зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

2011 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д айлчилж байжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1836: Англид сэнсийг патенталжээ.

1859: Лондон дахь Вестминстерийн ордны Цагны цамхагт алдарт Биг-Бен байршжээ.

1879: Берлинд дэлхийн анхны цахилгаан төмөр зам нээгджээ. Мөн анхны цахилгаан галт тэргийг танилцуулсан.

1936: Москвад “Дөлгөөн Дон” дуурь тоглогдож, М.Шолохов оролцжээ.

1961: Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс Их Британиас тусгаар тогтнов.

1997: Борис Ельцин, Леонид Кучма нар ОХУ болон Украин улсын хооронд Найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

Энэ өдөр үс засуулвал өлсөж ундаасна.

Эл өдөр хонь, гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар хагалах, ус, булгийн эх малтах, уул, овоо тахихад тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top