ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 01

Өнөөдөр 2021.06.01. Билгийн тооллын 21. Монгол эх оронд маань нар 04 цаг 57 минутад мандлаа, 20 цаг 43 минутад жаргана.

Улаанбаатар хотод бага зэргийн бороотой. Өдөртөө 9 хэм, шөнөдөө -2 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Тунист өнөөдөр Ялалтын өдөр бол Багамын арлуудад Хөдөлмөрийн өдөр, Камбожид Мод тарих, Кенид Эрх чөлөөний, Палауд Ерөнхийлөгчийн, Самоад Тусгаар тогтнолын өдөр.

Өнөөдөр Австралийн жүжигчин, поп дуучин Жейсон Донован, Германы супер модель Хайди Клум, Канадын дуучин Аланис Мориссетт, Венесуэлийн фото модель, 2008 оны Ертөнцийн мисс Дайана Мендоса, Их Британийн жүжигчин Том Холланд зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1979: Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр байгуулагдсан “Хүүхдийн төв номын сан” нээгджээ.

2004: Хятад Улсын ӨМӨЗО-ны Бугат хотын ган төмрийн зураг  төслийн судалгааны ерөнхий газар Монгол Улсын Улаанбаатар хотноо хүн амын хэт төвлөрлийг зохицуулах төсөл боловсруулан Улаанбаатар хотноо гэрээ байгуулжээ. Азийн хөгжлийн банкнаас зээл олгосон “Дулааны байгууламж” төсөл нь Монгол Улс дахь дулааны эрчим хүчний байгууламж дотор хамгийн том байгууламжийн төсөл юм.

2011: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгох 500 сая ам.долларын экспортын зээлийг ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импортын банкны хооронд байгуулах ерөнхий хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөн, хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гаргах болсон байна. Энэхүү 500 сая ам.долларыг мах, хуурай сүү боловсруулах үйлдвэр, гурилын үйлдвэр, үр тарианы элеватор байгуулах, бага оврын трактор худалдан авахад зарцуулах аж.

Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ.

Эл өдөр хулгана жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top