ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2021 оны 06 сарын 03

Өнөөдөр 2021.06.03. Билгийн тооллын 24. Монгол эх оронд маань нар 04 цаг 56 минутад мандлаа, 20 цаг 45 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 20 хэм, шөнөдөө 3 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн дугуйн өдөр. Черногорт өнөөдөр Тусгаар тогтнолын өдөр бол Намибид Зэвсэгт хүчний өдөр юм.

Өнөөдөр Их Британийн дуучин Келли Жонс, Оросын жүжигчин Пётр Красилов, Олимпын аварга, хөнгөн атлетикч Елена Исинбаева, Испанийн теннисчин, “Их дуулга”-ын 14 удаагийн аварга, Олимпын аварга Рафаэль Надаль, Германы хөл бөмбөгч Марио Гетце зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1959: Сингапур Үндсэн хуультай болж, өөрийгөө удирдах улс болжээ.

1961: Венад Н.С.Хрущёв, Жон Кеннеди нарын хоёр өдрийн хэлэлцээр эхэлжээ.

1965: Эдвард Уайт задгай сансарт гарсан анхны америк сансрын нисэгч болов. Тэрээр “Жемини-4” хөлгөөр нисэх үедээ задгай сансарт гарчээ.

1970: Анхны хиймэл генийг нийлүүлжээ.

1992: ОХУ-д Аюулгүйн зөвлөл байгуулагдав.

2004: Брюсселийн Уккел хотод дэлхийн хамгийн гүн, 33 метрийн гүнтэй бассейн нээгджээ.

2006: Черногорын парламент тус улсын тусгаар тогтнолыг зарласан.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ.

Энэ өдөр бар жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаад болгоомжтой хандаарай. Өнөөдөр буян, номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш, шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, гараг тахих, тангараг тавихад сайн. Харин хэрүүл тэмцэл хийх, улаа гаргахад тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top