Б.Дөлгөөн: Хамгийн олон ажлын байр бий болгодог салбараа бодлогын хувьд дэмжих нь чухал

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 04

Эдийн засгийн төлөв байдлын талаар Үндэсний хөгжлийн газрын дэд дарга, эдийн засагч Б.Дөлгөөн дараах байр суурийг илэрхийлж байна. Тэрбээр “Монгол Улсын  эдийн засгийн өсөлтийг 4.8-7.6 хувьтай байхаар байгууллагууд тооцож байгаа. Манай эдийн засаг 2020 онд -5.3 хувиар унасан үзүүлттэй тул бидний тооцоогоор 2021 онд багадаа +5.6 хувиар өсч байж 2019 оны түвшинд хүрнэ. Одоогийн байдлаар 2021 онд үүнээс илүүтэй өсөх төсөөлөлтэй байна. Харин 2022 онд 4.6 хувьтай өсөхөөр төлөвтэй байна.

Дэлхийн эдийн засгийн хувьд 4.0 – 6.0 хувьтай өсөхөөр төлөв гаргаад байна. Ковид -19-ийн үед ямар арга хэмжээ авсан, төсвийн болон мөнгөний бодлогын орон зай, цаашлаад өр зээл тавих орон зай хэр байсан эсэхээс хамаарч улс орны хувьд харилцан адилгүй өсөлт үзүүлэх нь тодорхой. Монгол Улсын хувьд макро түвшиндээ  дэлхийн дунджаас илүү хурдтай сэргэхээр дүр зураг харагдаж байна.

Нэг зүйл хэлэхэд, Монгол Улсын 2021 оны төлөв бол зурчихсан зураг биш юм. Вакцинжуулалт, 10 их наядын хөтөлбөрийн хэрэгжилт, улс төрийн тогтвортой байдал гээд олон хүчин зүйлээс хамаарна.

Эдийн засгийн хувьд хамгийн том хүчин зүйл бол бид өөрсдөө вакцинжуулалтдаа сайн хамрагдснаар Ковидтой холбоотой “тодорхойгүй байдал” ихээхэн багасч, цаашлаад 2022 онд учрах эрсдэл хүртэл буурна. Олон нийтийн дархлаа хэр өндөр хувиар тогтсоноор (сүргийн дархлааны түвшинд хүрсэн эсэх үл хамаараад) эдийн засаг дахь тодорхойгүй байдал тэр хэмжээгээр буурна. Улмаар бизнес болоод өрх гэр, хувь хүмүүс “төлөвлөх” боломж бүрдэж ирнэ. Гэхдээ одоогоор ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн вакцины дархлаа хэр удаан тогтохыг хэлж мэдэхгүй учир богино хугацааны л төлөвлөлтийг илүүтэй хийх болов уу. Тиймээс ч, бэлтгэлээ л сайн хангах зайлшгүй шаардлага үүссэн.

Цар тахлын энэ хүнд үед хамгийн олон ажлын байр бий болгодог салбараа хэрхэн бодлогын хувьд дэмжиж, өсөлтийг өндөрт барих вэ гэдэг маш чухал. Учир нь эдийн засгийн жилийн өсөлт өндөр байлаа ч, салбар бүрийн өсөлт харилцан адилгүй байх бөгөөд дундаж өрхийн ширээн дээр юу байхыг хамгийн олон ажлын байртай салбар илүүтэй тодорхойлох учир үүнд өндөр ач холбогдол өгч анхаарч байгаа. Бидний төсөөллөөр 2022 он хүртэл хамгийн хүнд салбар нь аялал жуучлал. Энэ зөвхөн манай Монгол Улсын асуудал биш юм. Дэлхий даяар аялал жуулчлал буцаад 2019 оны түвшиндөө 2024 онд хүрэх төсөөлөлтэй яваа. Мэдээж дахиад л улс орон бүр харилцан адилгүй.

Сайн мэдээ гэвэл бид вакцинжуулалтаараа тэргүүлж байгаа учир, эдийн засагтаа үзүүлэх сөрөг нөлөөний эрсдэл тэр хэмжээгээр хурдтай буурч байна. Муу мэдээ гэвэл дэлхий дээр цар тахал даамжрах тусам “мэдэхгүйгээ мэдэж байгаа зүйлс” (Known unknowns) бэлтгэл ажлыг үгүй хийж мэдэхээр байна” гэв.

Сануулахад, эдийн засагч Б.Дөлгөөн  Zindaa.mn сайтад 2020 оны зургаадугаар  сарын 23-нд эдийн засаг дахь коронавирусний нөлөөлөл болоод эрсдэлийг бууруулах боломж, шийдлийн талаар ярилцлага өгч байсан.

Тэрбээр ярилцлагадаа “Байр сууриа олтлоо тодорхой хугацаа зарцуулсан,  тав арван жил ажиллахдаа “мэдлэг”, соёл тогтсон компаниуд энэ хямралын үеэр дампуураад байхгүй болох нь хайран. Тухайн нэг компанид ажиллаж байсан хорин  хэдэн хүн тусдаа замаа хөөгөөд явлаа гэхэд яг өмнөх  шиг компани босгож ирэхэд хэдэн жил зарцуулах вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй” гэж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top