ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 10

Өнөөдөр 2021.06.10. Билгийн тооллын 30. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандлаа, 20 цаг 50 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 27 хэм, шөнөдөө 9 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Иорданд Армийн өдөр, Италид Тэнгисийн цэргийн өдөр, Молдавд Хилчдийн өдөр.

Өнөөдөр Америкийн модель Кэйт Аптон, жүжигчин Жина Гершон, Жинн Трипплхорн, Италийн хөл бөмбөгч Марко Андреолли, Францын жүжигчин Венсан Перес, Английн жүжигчин Элизабет Хёрли, Оросын дуучин МакSим зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1793: Парист дэлхийн анхны нийтийн амьтны хүрээлэн нээгджээ.

Мөн оны энэ өдөр Вашингтон АНУ-ын нийслэл хот болов.

1909: Дэлхийд анх удаагаа “SOS” дохиог ашиглажээ. Энэхүү дохио нь гурван цэг, гурван зураас, бас гурван цэгээс бүрддэг.

Мөн оны энэ өдөр Австралийн нийслэл Канберра хот үүсгэн байгуулагджээ.

1921: ОХУ-ын Тула мужид “Ясная Поляна”-д Лев Толстойн гэр музейг байгуулсан билээ. Лев Толстой “Ясная Поляна”-д 60 орчим жил амьдарч, “Дайн ба энх”, “Анна Каренина” зэрэг алдартай олон бүтээлээ туурвижээ.

1940: Итали улс Франц, Их Британид дайн зарлав.

Өнөөдөр үс засуулбал эрлэг лугаа учирна.

Энэ өдөр тахиа, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд анхаарал болгоомжтой хандаарай. Өнөөдөр бүтээл туурвил эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, өглөг, хандив өгөх, хишиг даллага дуудуулах, мал арилжих, газрын ам бооход сайн. Харин эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top