ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 02

Өнөөдөр 2021.07.02. Билгийн тооллын 23. Монгол эх оронд маань нар 04 цаг 58 минутад мандлаа, 20 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатар хотод бага зэргийн бороотой. Өдөртөө 18 хэм, шөнөдөө 9 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын спортын сэтгүүлчдийн өдөр. Азербайжанд өнөөдөр Цагдаагийн албан хаагчдын өдөр бол Казахстанд Дипломат албаны баяр, Норвегт Эзэн хааны өдөр, Украинд Татварын албаны баяр, Узбекистанд Төрийн сүлдний өдөр.

Өнөөдөр Монгол Улсын заан М.Өсөхбаярын төрсөн өдөр тохиож байна. Мөн Америкийн жүжигчин Линдси Лохан, Канадын хоккейчин Жо Торнтон, Болгарын анхны сансрын нисэгч Георгий Иванов, Америкийн модель Жерри Холл зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1924: Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо байгуулагджээ.

1964: АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон “Арьс үндэс, шашин шүтлэг, хүйсээр ялгаварлахыг хориглосон хууль” батлав.

1976: Хойд болон Өмнөд Вьетнам нэгдэж, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс байгуулагджээ. Нийслэл Сайгоныг Хошимин болгон нэрийг нь өөрчилжээ.

1994: Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийн хаалганд гоол оруулсан Колумбын тоглогч Эскобар буудуулан амь насаа алдсан байна.

2002: Америкийн аялагч Стив Фоссетт агаарын бөмбөлгөөр дэлхийг тойрсон анхны хүн болжээ.

2009: Энэтхэгт ижил хүйстнүүдийг эрүүгийн гэмт хэрэгтэн хэмээн мөрдөн шалгахыг зогсоожээ.

Өнөөдөр үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно.

Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top