Монгол Улсад улстөрч, эрх мэдэлтэн тэдгээрийн хүүхдүүдэд зориулагдсан гэхэд хилсдэхгүй нэгэн зээл бий. Тэр зээл бол Боловсролын зээлийн сангаас гаргадаг дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцсэн оюутнуудад олгодог зээл юм. Зөвхөн өндөр албан тушаалтанд л зориулагдсан мэт зээлийн мэдээлэл нь нууцлаг байдаг.
Хамгийн сүүлд 2019 оны хавар БШУЯ-наас гаргасан мэдээлэлд "Боловсролын зээлийн санхүүжилтээр дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд 1893 хүн суралцаад байгаа" гэж бичжээ. Тухайн үеийн мэдээллээр бол тус 1893 хүн нийт 52,6 сая ам.долларын зээл авсан боловч 34,4 сая ам.долларын зээл төлөгдөөгүй байв. Уг зээл нь зээлийн хүү тооцохгүй, барьцаа хөрөнгө шаардахгүй, хамтран зээлдэгч шаардлагагүй гээд Монголын нөхцөлд мөрөөдлийн зээл ч гэж нэрлэж болохоор юм. Гэвч зээлдэгчдийн дийлэнх нь буцааж төлдөггүй нь хачирхалтай.
Боловсролын зээлийн санд жилд 30-35 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байдаг байна. Тэгвэл 2020 онд Сангийн яамнаас Боловсролын зээлийн санд 10 тэрбум төгрөгийн санхүүжилт шилжүүлсэн баримт бий. Тухайн үед БШУ-ын сайд Л.Энх-Амгалан "Зээлийн сангийн санхүүжилт нь зээл хүссэн оюутнуудын таван хувьд л хүрдэг" гэж хэлж байлаа. Гэтэл цар тахлын улмаас тус сангийн 2020-2021 оны санхүүжилтаас 11 тэрбум төгрөгийг нь буцаагаад хүүхдийн 100 мянган төгрөгийг олгохын тулд Нийгмийн халамжийн сангийн төсөвт татаад авчихсан аж. Үүний үр дүнд "Бакалаврын түвшний оюутнуудад гадаадад суралцах материал бүрдсэн ч зээлийн санхүүжилт олгоогүй" гэж холбогдох яамны ажилтан хэлсэн байдаг.
Хэрэв гадаадад зээлээр их, дээд сургууль төгсөгчид авсан мөнгөө эргүүлэн төлж байсан бол байдал өнөөдөр ингэтлээ дордохгүй байсан. Хойч үеийн залуусаа боддоггүй, хувиа хичээгч тэднээс болж өнөөдөр санхүүжилт нь тэг зааж, хөрөнгийг нь татаж болдог нэр хүндгүй сан болчихсон байна шүү дээ. Иймээс гадаадад суралцах тэтгэлгийг хэн авсан, аль нь өгөөгүй талаар мэдээллийг ил тод болгож, эргэн төлүүлэх шаардлага нэгэнт үүссэн байна.
О.ГАНЖАРГАЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Тийм дээ л улс төрд хайр зарлаж орохыг маш их хүсдэг биз зээл л гэж байгаа боловч зээл биш л байхгүй юу даа хүнсний талонддог шиг
Энэ Боловсролын зээлийн санхүүжилтээр дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцахад гэрээнд заахдаа төгсөж ирээд тодорхой хугацаанд төрийн байгууллагад ажилласнаар зээл төлөгддөг журамтай байсан. Уг зээл нь зээлийн хүү тооцохгүй, барьцаа хөрөнгө шаардахгүй гэдэг бол худлаа шүү. Миний хувьд өөрийн байраа эгчийнхээ байртай цуг барьцаанд тавиад явж байсан. Албан тушаалтны хүүхдэд тэр журам нь мөрдөгддөгүй байж мэднэ.