Дорнын талыг там болгосон "Дачин Тамсаг"-ийн мөрөөр-II

2021 оны 11 сарын 22

Бид мартсан ч түүх мартаагүй баатруудын зүрхийг урах мэт санагдана

Монгол Улсын баатар Л.Дандарын командалсан Тамсагийн VI дивиз, хурандаа Д.Нянтайсүрэнгийн командалсан Матадын VIII дивиз, хөнгөн хуягтын дивизон, ЗХУ-ын улаан армийн моторжуулсан буудлагын хороо, танкийн бригад 1939 оны тавдугаар сарын 24-нд Халх голд анхны тулаанаа эхэлж, Монгол, Зөвлөлт нөгөө талаас Япон, Манж-Го гэсэн дөрвөн улсын 132 мянган цэрэг офицер, 1000 гаруй танк, хуягт машин, 800 гаруй нисэх онгоц оролцсон байлдааны түүх сэтгэлийн хөндүүрийг өдөөх мэт тэнгэр багаднасан тоосон дундуур Петрочайна дачин тамсаг компанийн Тамсаг 21 дүгээр талбай руу бид очиж явна.

Тус компанийн олборлолт явуулж буй Матад, Халх гол сумдад 101 удаагийн томоохон тулаан болж Монгол, Зөвлөлт, Япон, Манж-Го-гийн 28246 цэргийн халуун амь үрэгдсэн газар. Түүнээс Монгол, Зөвлөлтийн 7974 цэрэг амь эрсдэж, 15251 шархадсан цэргийн “зовлон”-гоор өдгөө бидэнд үлдсэн уудам тал билээ. Халх голын байлдааны буун дуу тасраагүй, өмгөөлөн хамгаалах цэрэг эрсийн бүлээн цус хатаагүй, халуун амь “тасарч” амжаагүй шүү гэх бодол зүрхний мухарт амь бөх цохилно. Энэ бол зүгээр нэг газар нутгийн төлөөх байлдаан байсангүй. Халуут нутгаа хамгаалж, хойч үедээ газрын баялгаа бүтэн үлдээх зоригт эрсийн амь халуун тэмцэл байв.

Ийм буурал түүхийн жимээр тэнгэр багаднасан улаан шороо биднийг хөтөлсөөр Петрочайна дачин тамсаг компанийн олборлолт явуулдаг Тамсаг 21 дүгээр талбайд авч ирлээ. Үдийн нар голоосоо хэвийж байх аж. Цэнхэр, улаан өнгөтэй нефтийн донки тогоруу мэт тонголзож газрын судсыг ханах мэт уухилна. Монгол Улсын баатар Лодонгийн Дандар, Чойн Дугар, Пунцагийн Чогдон,  Дүгэрийн Нянтайсүрэн, Халхын голд дөрвөн сар дээлээ тайлалгүй тулалдаж явсан П.Шагдарсүрэн, Даржаагийн Хаянхярваа, Самдан, М.Экей тэргүүтэй мянга мянган эрэлхэг эрсийн амийг таслах мэт тонголзоно. Бид мартсан ч түүх мартаагүй баатруудын зүрхийг урах мэт санагдана.

 

Петрочайна дачин тамсаг компанийн газрын тосны олборлолт явуулж байгаа Тамсаг 21 дүгээр талбайн нөөц 127.509 сая тонн гэж Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн санд бүртгэсэн статистик мэдээлэл бий. Тус талбайн 229 цооногт олбор­лолтын төхөөрөмж суурилуулсан байх аж. Тэдгээр нь хоногт дунджаар 218 цооногоор 12054 баррель буюу 1600 тонн газрын тос олборлож, 13636 баррель буюу 1885 тонн түүхий тосыг Дорнод аймгийн Халх гол сумын Баянхошууны боомтоор БНХАУ-д экспортолж байна. Эрэлхэг эрсийн халуун цус тээвэрлэгдэж буй мэт хачин бодол толгойд эргэлдсээр...

Хогондоо дарагдсан Петрочайна дачин тамсаг компанийн 21 дүгээр талбай

Тамсаг 21 дүгээр талбайн цооног бүрийг холбосон шороон зам энхэл донхол. Хөлд орж буй хүүхэд мэт бүдчиж сэгсчүүлэн явсаар улаан асрын үүд мэт сүртэй “Петрочайна дачин тамсаг XXI талбай” гэсэн хаягтай халз тулав. Тэндээсээ хатуу хог хаягдлын цэгт ирэхэд Матад сумын иргэдийн төлөөлөл хогийн цэгт ирсэн байв. Тэдний 80 гаруй км газар явж ирсэн шалтгаан нь Петрочайна дачин тамсаг компани Халх гол сумын Ялалт багт байрлах Тамсаг 21 дүгээр талбайд олборлолт явуулдаг ч хог хаягдлаа Матад сумын нутагт булшилдаг тул энэ асуудлыг шийдэх хэрэгтэй гэдгийг хэлж байсан юм. Хогийн цэгт хэд хэдэн овоолго бий болжээ. Учир байдлыг нь лавлахад газар ухан хатуу хог хаягдлаа хийж дүүрэхээр нь шороогоор булдаг гэж байлаа. Үхэр, хонины толгой, шийр, өлөн гэдэс, автомашины дугуй, тостой сав, ундаа, усны сав, пиво, архины лааз, шил тэргүүтнээс эхлээд түмэн зүйлийн хог ухсан газрыг дүүргэжээ.

1939 онд эрэлхэг баатруудын шарилыг мөнх оршоосон газарт ийнхүү зэрэгцэн хог булшилж байгаа нь сэтгэл өвтгөнө. Нутгийн иргэд “Хогоо технологийн дагуу боловсруулж, ангилж ялгадаг бол бид юу ч хэлэхгүй. Байгальд нь шууд ингэж булдаг. Ахуйн хог хаягдал нэртэй энэ цэгт үйлдвэрлэлийн болон химийн хортой сав баглаа боодол ч байдаг. Матад сумын төвөөс хол учраас хүн ирж шалгадаггүй. Халх гол сумын нутаг биш учраас тэд ч бас шалгадаггүй тул ингээд хаягдсан нэг газар бий болчихоод байгаа юм.

Шууд газарт ингэж хогоо эрүүл хөрсөнд булдаг арга өнгөрсөн зуунд үлдсэн. Уг нь байгальд химийн хорт бодис нэвчүүлэхгүйн тулд тусгай зориулалтын сав баглаад хийх ёстой. Гэвч тэгдэггүй. Аймгаас аравдугаар сарын 4-ний өдөр ажлын хэсэг ирж шалгаж зөрчил дутагдал илрүүлсэн тул одоо л энэ хогонд анхаарах гэж байна. Түүнээс биш ёстой хэн ч тоодоггүй хаягдсан газар байсан юм. Петрочайнагийн өрмийн үйл ажиллагаанаас эхлээд технологийн хог асар их гардаг. Гэвч хааш нь яаж хийдэг нь маш тодорхойгүй. Нэг мэдэхэд алга болчихдог” гэж байлаа.

Матад сумын Мэнэн багийн дарга болон Сумын байгаль хамгаалагч, Сумын ИТХ-ын Байгаль орчны байнгын хорооны дарга нар “Манай сум төмрийн хүдэр, газрын тос, жонштой хэдий ч сумандаа бид ундны усандаа хэдэн цагаар дугаарлан зогсдог. Гэтэл Петрочайнагийнхан 2000-3000 метрийн гүнээс тос авахын тулд газрын гүний 200 метрийн усыг тэр доош нь шахаж газрын тосоо хөвүүлэх аргаар гарган авдаг. Цаасан дээр хэрэглэх усны хэмжээ гэж тоо байдаг хэдий ч бодит байдал дээрээ тэс өөр. Тамсаг 21 дүгээр талбайд өнгөрсөн онд гэхэд 1.2 сая шоо метр ус хэрэглэн 1.5 тэрбум төгрөг аймагт өгсөн гэж байна. Гэхдээ 1.2 сая шоо метр ус хэрэглэсэн үү гэдгийг нарийвчлан хянах боломжгүй юм билээ. Яг тийм баримт нь ч байхгүй. Өмнө нь манай сумын иргэд 4-5 метр ухаад худаг гарган хүн малгүй ундаалж байсан бол одоо 230 метрээс гүний ус татаж хэрэглэхгүй бол хөрсний өнгөний ус гэж байхаа больсон. Өмнө нь зээр сүлжилдсэн хялгана ургасан тал байсан. Та нар замдаа харсан байх. Хялгана биш хүрэн шарилж ургасан байгаа биз дээ. Ийм л шарилж Мэнэнгийн талд ургадаг болсон. Өмнө нь хогийн цэг дээр л ургадаг байсан юм” гэдгийг хэлж байсан юм.

Петрочайна дачин тамсаг компани үйл ажиллагаа явуулахдаа хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, хог хаягдлын менеж­ментийг боловсронгуй болох зорилгоор  энгийн хог хаягдлыг цэвэрлэх ангилах, цуглуулах, тээвэрлэх, устгах ёстой. Гэвч сүүлийн хоёр жил энэ ажлаа зохион байгуулаагүйгээс их хэмжээний хур хог үүссэн байлаа.

Тамсаг 21 дүгээр талбайг хариуцсан Засгийн газрын төлөөлөгч ажлаа хариуцлагагүй хийж байна

Хатуу хог хаягдал булшилдаг талбайн урдхан талд шингэн хог хаягдлын далан дээр ирлээ. Матад сумын зүгээс Петрочайна дачин тамсаг компанид таван га газар олгосон ч нөхцөл байдал дээрээ газрын хэмжээ хэтэрсэн гэдгийг Матад сумаас ирсэн байгаль хамгаалагч хэллээ. Петро­чайна дачин тамсаг компанийн олборлолтын үйл ажиллагаанаас буюу цооног өрөмдөхөд тосны агууламжтай шингэн хог хаягдал гардаг. Шингэн хог хаягдлыг агуулах зориулттай шингэн үл нэвчих геомембрам материалаар доторлосон сан бий.

Гэтэл шингэн хог хаягдлыг сангийн шингэн үл нэвчих тусгай зориулалтын энэ геомембрам урагдаж гэмтсэн, хаягдлын санд тосоор бохирдсон шороог хийсэн, хаягдлын далангийн гадуур, зах хэсгүүдээр нефтийн бүтээгдэхүүний тос асгасан, тухайн орчинд хөрс бохирдсон, цаашлаад гүний усыг бохирдуулах нөхцөл байдал үүсжээ. Дорнод аймгаас төрийн албаны шалгалт ирэхэд геомембран нь урагдсан байсан тул ажлын хэсгээс тус компанид албан шаардлага хүргүүлж яаралтай арга хэмжээ авахыг даалгасан байна. Харамсалтай нь нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг тусгай зориулалтын геомембраны оронд бараа бүтээдэг эрээн тороор нөхсөн байв.

Уг нь Ашигт малтмал, газрын тосны газраас Тамсаг 21 дүгээр талбайг хариуцсан Засгийн газрын төлөөлөгчөөр Батбаатарын Мөнхбатыг томилсон байдаг. Төлөөлөгчийн хийх ёстой ажил нь Петрочайна дачин тамсаг компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж, Монгол Улсын хуулийг мөрдөн ажиллах, тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шахаж, шаардах ёстой юм.

Харамсалтай нь Засгийн газрын төлөөлөгч биднийг очиход эзгүй байсан бөгөөд түүнтэй холбогдоход Улаанбаатар хотод явж байна гэдэг тайлбар өгснөөс хяналтын ажил ямар шатандаа яваа талаарх мэдээллийг өгсөнгүй. Нэг сонирхолтой зүйл ажиглагдсан нь Засгийн газрын төлөөлөгч маань Петрочайна дачин тамсаг компанийн ажилтнуудын кемпэд хамт амьдарч, хоолоо хувааж иддэг гэдгийг Петрочайна дачин тамсаг компанийн монгол ажилтнууд хэлж байлаа. Ийм хүн яаж ч бодсон Монголын эрх ашгийн төлөө хөдлөх үү гэдэг асуулт үлдэж байгаа юм.

Петрочайна дачин тамсаг компани 2017 оны гэрээгээр хүлээсэн үүрэг гэж бий. Газрын тос олборлож байгаа 21 дүгээр талбайгаас Баянхошуу боомт чиглэлийн  58.5 км замыг хатуу хучилттай авто зам барих хөрөнгийг шийдэж, 2018 ондоо багтааж туслан гүйцэтгэгчийг шалгаруулж ашиглалтад оруулах. Мөн байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, нийгэм эдийн засаг, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулах, газрын тос олборлох үйл ажиллагаанд олон улсын дэвшилтэт технологи нэвтрүүлэх, иргэдийг ажлын байраар хангах зэрэг есөн зүйл бүхий санамж бичгийг байгуулжээ.

Гэвч Петрочайна дачин компанийн удирдлагууд байгуулсан гэрээгээ хогийн саванд чулуудчихдаггүй юм бол өнөөдрийг хүртэл эдгээр ажлууд хийгдэх ёстой байв. Тиймээс нутгийг иргэд 2018 онд эсэргүүцлээ илэрхийлж тус компанийн үйл ажиллагааг 45 хоног зогсоож, 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр дахин хэлцэлд оржээ. Орон нутгийн төрийн байгууллагуудыг басан доромжилж байгаа мэт гэрээгээр заасан үүргээ дахин биелүүлэлгүй луу унжив. Энэ бүгдийг шаардаад сууж байх ёстой Засгийн газрын төлөөлөгч хаачив. Хариуцсан ажилдаа эзэн болж чаддаггүй ийм нөхдүүддээ Засгийн газар хариуцлага тооцох цаг болжээ.

Петрочайна дачин тамсаг компани Монгол Улсын хууль, тогтоомж, Засгийн газрын шийдвэрүүдийг зөрчиж ирэв

Петрочайна дачин тамсаг компани Матад, Халх гол сумдад үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол шийдвэрийг зөрчин байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлэхгүй байгаагаас тухайн орчны ус, хөрс, газрын хэвлийд ноцтой хохирол учирсаар ирсэн. Тиймээс Дорнод аймгийн Засаг даргын 2021 оны есдүгээр сарын 26-ны өдрийн А/524 дүгээр захирамжаар байгуулагдсан газрын тосны 19, 21 дүгээр талбайд хяналт хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулан ажиллажээ.

Газар дээр нь очиж ажилласан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын хяналтын газраас Петрочайна дачин тамсаг компанийн ерөнхийлөгч Жан Хун Фу-д “

1. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ, нөхөн сэргээлтийн арга хэмжээ, биологийн олон янзын байдлын хамгаалах арга хэмжээ, хог хаягдлын менежментийн арга хэмжээ, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр зэрэг ажлуудыг огт хийгээгүй, 2020 онд хийгдсэн байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх ажлуудыг хангалтгүй хийсэн.

2. Олон салаа зам үүссэнээр тоосжилт үүсч бэлчээр их хэм­жээгээр доройтож, мал бүхий иргэдийн амьдрах орчинд сөрөг нөлөөлөл учруулж байна.

3. Шингэн хаягдлын далан дүүрсэн, хаягдлын сангийн мембран суурь дэвсгэр цоорч газрын тосны бүтээгдэхүүний хаягдал хөрсөнд их хэмжээгээр нэвчиж асгарсан.

4. 2020, 2021 онд хог хаягд­лын талаар арга хэмжээ авч ажиллаагүйгээс болж хур хог үүсч, химийн хортой аюултай хог хаягдлын ангилалд ордог сав баглааг ил задгай хаясан.

5. Петрочайна дачин тамсаг компанийн ашиглалтын талбайд цагаан зээрийн хорогдол их хэмжээгээр гарч байхад биологийн төрөл зүйлийг хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй” болохыг албан бичгээр илгээжээ.

Энэ мэтчилэн орон нутгийн төрийн байгууллагуудаас илгээсэн албан бичигт одоогоор хариу өгөөгүй байгаа гэнэ. Бид дараагийн дугаартаа Петрочайна дачин тамсаг компанийн хууль зөрчсөн үйлдлүүдийг дэлгэрэнгүй хүргэх болно.

Э.ТЭМҮҮЛЭН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.179.24.58) 2021 оны 11 сарын 22

Ene ezlen turemgiilegch hogiin kompaniig aihgui zailuulchih zasagiin gazar garch irdegguim baihdaa. Olon jil manai ulsiig deerelhelee dee

0  |  0
нэмэах(202.55.188.97) 2021 оны 11 сарын 22

Мөрөөр нь сайн явбал их ч юм гарч ирэх байх даа,

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2021 оны 11 сарын 22

Ene companiig mongoloos zailuulaacnee Mongoliin nutag dewsgert manai huulind niitsehgui yil ajillagaa yawuulj bgaa bol zogsoogood gargah heregtei Tegeed mongoliin hamag baylagiig sorood duuslaa

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2021 оны 11 сарын 22

Ene companiig mongoloos zailuulaacnee Mongoliin nutag dewsgert manai huulind niitsehgui yil ajillagaa yawuulj bgaa bol zogsoogood gargah heregtei Tegeed mongoliin hamag baylagiig sorood duuslaa

0  |  0
зззз(150.129.142.28) 2021 оны 11 сарын 22

Яаралтай Засгийн Газрын төлөөлөгчийг өөрчилж ажиллагааг сайжруулах хэрэгтэй байна

1  |  0
Top