Кобаяши Нобүя
Калоян Стефанов Махлянов 2002 онд Болгараас Японд ирж байлаа. 19 настай залуу. Багаасаа чөлөөт бөх барилдаж, Европын идэрчүүдийн аварга болж байсан тамирчин. Оюутны аварга шалгаруулах сүмогийн тэмцээнд ороод өөрөөсөө жижигхэн өрсөлдөгчдөө ялагдаад анх сүмо бөхийг сонирхож эхэлсэн гэдэг. Германд болсон сонирхогчдын сүмо бөхийн тэмцээнд түрүүлтэл нэг япон хүн ирээд “Японд очиж, сүмо бөхийн Садогатакэ дэвжээг үзэж сонирхооч” гэж урьжээ. Зуны амралтаараа Японд зугаална, сайхан гэж бодоод зөвшөөрсөн гэдэг. Тэр үед энэ аялал амьдралыг нь тэр чигээр нь өөрчилнө гэж огт бодоогүй нь мэдээж.
“Садоготакэ дэвжээнд очтол паспорт хурааж аваад сэкитори болтол чинь буцааж өгөхгүй гэж хэлдэг байгаа” гэж Калоян дурсаж байна.
“Ингэж тохиролцоогүй” гэж хэчнээн заргалдсан ч тоохгүй нийгэм байна гэдгийг тэр хурдан ойлгожээ.
“Их гайхсан. Сүмо дэвжээний зохион байгуулалтыг огт ойлгохгүй. Боксын спорт шиг л нэг тамирчинд нэг дасгалжуулагч хичээл зааж, бэлтгэл хийлгэдэг гэж бодож байлаа...”
Сүмогийн дэвжээг спортын клуб гэж бодож байсан нь алдаа байжээ.
“Ямар ч эрх чөлөөгүй. Идэх хоол ч байхгүй. “Хал цэргүүд” буруу юм хэлсэн ч зөрж болохгүй. Шинэ бөхчүүд хоолонд хамгийн сүүлд ордог болохоор хоосон шөл л үлдэнэ. Хүйтэн будаанд ус хийгээд иднэ. Ямар ч амтгүй, амтлагч ч байхгүй. Будаанд сүү хийгээд л иддэг байлаа”
Яагаад сүмог хаяж, эх орондоо хариагүй хэрэг вэ?
“Паспортгүй болохоор харих гэсэн ч харьж чадаагүй. Мэхлүүлсэн мэт хэрэг ч ояката маань сайн хүн байсан. Анхны Садогатакэ ояката буюу сүмогийн 53 дахь ёкозүна Котозакүра. “Намайг дагаад явахад алзахгүй шүү” гэж хэлэх багшийнхаа нүдийг хараад итгэж, найдахад болох хүн байна гэж бодсон”
Ингээд л 19 настай залуу амьдралынхаа замыг шийдэхээс өөр аргагүй болжээ.
“Сайн барилдаж, цолтой бөх болохоос өөр зам надад байгаагүй. Ухрах замгүй гэдэг нэг талаараа их амар. Урагш давшихаас өөр гарц үгүй. Бэлтгэлээ хийж, банцүкэгээ дээшлүүлэх. Бэлтгэл амархан ч хувийн амьдралын тал дээр маш хэцүү байсан. Ах бөхчүүд маш хатуу, ширүүн”
Сүмо бөх болоод хамгийн их баярласан зүйл юу вэ гэж асуутал тэр дор нь хариуллаа.
“Жюүрёо зиндаанд дэвшиж, сэкитори болоод яаж баярлаж байснаа энэ амьдралдаа мартахгүй. Нэг жил хагас үхэх үү, сэхэх үү гэдгээ үзсэн. Цол хүртэж, банцүкэ гарсан өдөр нийтийн өрөөнөөс гарж, тусдаа өрөөнд ороод паспортоо ч буцаан авлаа. Өчигдөр нь л Котомицүкигийн туслах хийж байсан бол тэр өдрөө өөрөө туслахтай болсон...”
Ёстой л тамаас диваажинд очлоо гэсэн үг. Гэхдээ энэ зам тийм амар байгаагүй.
“Анх сүмод орж байхдаа жониданы бөхчүүдтэй бол ана мана үзэлцэж байлаа. Санданмэгийн бөхчүүдэд будаа болтлоо шидүүлдэг байсан. Макүшита, жюүрёогийн бөхчүүд тэнгэрийн дээрх од л гэсэн үг”
Мэргэжлийн сүмогийн түвшин үнэхээр өөр гэдгийг мэдэрлээ. Ядаж байхад ояката нар сүмо заадаггүй ажээ.
“Садогатакэ ояката комүсүби болсон тэмцээндээ гэмтээд жюүрёод унасан хүн. Ингээд барилдаанаа сольж оши буюу түлхдэг барилдаантай болж, 32 настайдаа ёкозүна цол хүртсэн. Тийм болохоор шавь нартай хэлдэг ганц үг нь “Түлх. Урагш дайр”. Түлхэх барилдаан нь нуруу өндөр надад тохирохгүй. Гэхдээ л багшийн сэтгэл надад мэдрэгдэж эхэлсэн”
Котоошюү ердөө найман башё барилдаад сэкитори болж чадсан юм. Жюүрёод анхны тэмцээндээ 10 давж, анхныхаа цалинг авлаа. Нэг сая иэний цалингаас гар дээр 800 мянга нь ирнэ. Энэ мөнгөө аваад Болгартаа харьж, ээж аавынхаа байшинг заслаа.
“Жюүрёод дэвшсэнээс хойш сүмо барилдах дуртай болсон. Өмнө нь элдэв ажилд зарагдаад завгүй явж байхад сүмо бодохтой манатай байлаа. Сүмод анхаарч чаддаг болсноос хойш жин нэмж, бие томорч эхэлсэн. Хүч чадлаа туршмаар санагдаад хурдан тэмцээн болоосой гэж сэтгэл хөдлөөд л”
Тэр үед ялагдашгүй гэгдэж, 24 дараалан ялаад байсан ёкозүна Асашёорюүг өвдөг шороодууллаа.
“Ялсныхаа дараа их айсан шүү. Зуны тойргийн барилдаан дээр Аса аварга “Хөөе чи, нааш ир. Ойлгож байгаа биз дээ” гэж муухай харан, дуудна. Ингээд л бэлтгэл дээр алуулна даа. Гэхдээ үүний ачаар би хүчтэй болсон. Хэрэв тэр үед зугтаасан бол хүчтэй болж чадахгүй байлаа”
2005 оны Намрын тэмцээн. Шинэ сэкивакэ Котоошюү 12 дараалан давж, тэргүүлж явсан ч Асашёорюү, Кисэносато нарт дараалан унаж, дараа нь халз барилдаанд Асашёорюүд дахин ялагджээ.
“Түрүүлэх дөхөөд эхлэнгүүт нойр хүрэхээ байсан. Урьд өмнө үзэж байгаагүй мэдрэмж, сандраад л. Халз барилдаанд Асашёорюүтэй барилдахад бие огт хөдлөөгүй, барилдаан гэхэд хэцүү юм болсон”
2006 оны нэгдүгээр сард озэки болсноосоо хойш түрүүлэх боломж дахин нэг удаа гарсан нь 2008 оны тавдугаар сарын тэмцээн. Асашёорюү, Хакүхо аваргуудыг хаяж, 12 дахь даваагаа авлаа. Гэвч Аминишикид юу ч хийж чадсангүй, түлхүүлээд ялагдаж орхилоо.
“Дахиад л сэтгэл зүй дутуу. Юу ч болсон хамаа алга гээд барилдья гэж шийдсэн”
Тэмцээний 14 дэх өдрийн өрсөлдөгч нь сэкивакэ Ама.
“Бодох юмгүй дайрч, окүритаоши мэхээр ялсан. Урт удаан хугацаанд хүсэж байсан түрүүгээ авлаа. Түрүүлнэ гэдэг тийм амархан зүйл биш”
Озэки болсноос хойш сүмо барилдах нь сайхан санагдахаа больсон.
“Озэки цолтон сүмогийн холбооны нүүр царай гээд л. Үүрэг хариуцлага, дарамт ихтэй. Ийм нөхцөлд дараалан ялаад байх маш хэцүү”
Котоошюүг ёкозүна болно гэж бөх сонирхогчид хүлээж байсан ч урьд жил нь анхны Садогатакэ ояката нас барж, зөвлөж ярих хүн ч байсангүй.
“Ёкозүна цолны төлөө барилдах гэж байхдаа яаж барилдах, биеэ хэрхэн бэлтгэхээ ч мэдэхгүй байлаа. Гэхдээ ёкозүна болж чадалгүй зодог тайлсан нь сайн хэрэг болжээ гэж боддог. Яагаад болж чадаагүй шалтгаанаа мэдэж байгаа болохоор энэ бүхнийг шавь нартаа зааж сургана даа”
Зодог тайлсныхаа дараа Котоошюү Садогатакэ дэвжээнээс тусдаа гарж, Нарүто дэвжээний ояката болсон. Одоо энэ дэвжээнд макүшита зиндааны Ошёоүми, Ошёорюү нарын жюүрёод дэвших ирээдүйтэй бөхчүүд байгаа.
“Юуны өмнө нэг сэкитори төрүүлэх зорилготой. Ингэж байж л жинхэнэ ояката болно”
“Дэйли Шинчёо” сэтгүүл, 2021 он, 11 дүгээр сарын 18
Сэтгэгдэл ( 2 )
Sain buh chadal huch ih baisaan daanch tuulai zurhtei amitandaa assaag haraal barag dagjij chichireel biy ni changraal usreed yvchij baigaan daraa ni hakuho gej bas neg gai nemegdeed mani huniig shaldan ni buulgasandaa
Котоошү уг өгөгдөл сайн ч зориг муутай байсан даа. Аса аваргыг хараал хулмайчихдаг байж билээ. Гэхдээ мундаг бөх бсаан.