Олон улсын улаан загалмай нийгэмлэг цахим халдлагад өртсөний улмаас 515 мянга гаруй хүний хувийн болон нууц мэдээлэл алдагдсан тухай тус нийгэмлэг мэдээлжээ.
ОУУЗН-ийн мэдээлэл хадгалагддаг компьютерын сервер энэ долоо хоногт халдлагад өртсөн байна. Үүний улмаас зэвсэгт мөргөлдөөн, цагаачлал, байгалийн гамшигт өртсөн, ор сураггүй алга болсон хүмүүс, тэдний гэр бүл болон шоронд хоригдож буй хүмүүсийн хувийн болон нууц мэдээллүүд алагдсан байна. Цахим халдлагад дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй дор хаяж 60 үндэсний улаан загалмай, хавирган сар нийгэмлэг өртжээ. “Хүмүүнлэгийн мэдээллүүд бай болж, аюулд өртсөнд сэтгэл зовниж байна” гэж ОУУЗН-ийн Ерөнхий захирал Роберт Мардини мэдэгдсэн байна.
Одоогоор хэн халдлага үйлдсэн нь тодорхойгүй байна. Тус нийгэмлэг нь гэрээний дагуу Швейцар дахь компанид мэдээллээ хадгалдаг аж.
Роберт Мардини халдлага үйлдсэн этгээдүүдэд хандан тэдний үйлдэл үгээр илэрхийлэх боломжгүй зовлон, шаналал амссан хүмүүст илүү их хохирол, шаналал авчрах болно. Мэдээлэл нь алдагдсан бодит хүмүүс, бодит гэр бүлүүд дэлхий дээрх хамгийн бага нөлөөтэй хүмүүс. Тиймээс эдгээр мэдээллийг зарахгүй, ашиглахгүй байхыг Мардини чин сэтгэлээсээ хүсжээ.
Халдварын улмаас ОУУЗН “Гэр бүлийн холбоог сэргээх нь” хөтөлбөрөө түр зогсоогоод байна. Энэ хөтөлбөр нь зэвсэгт мөргөлдөөн, байгалийн гамшиг, шилжилт хөдөлгөөний улмаас бие биенээсээ салж, төөрсөн гэр бүлийг эргэн учруулахад чиглэдэг байна. Тус нийгэмлэг нь энэхүү хөтөлбөрийнхөө үйл ажиллагааг аль болох ойрын хугацаанд сэргээхээр ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )