Өмнөд Солонгосын 27 настай гар бөмбөгчин Ким Ин Хёк энэ сарын 4-ны өдөр цахим хүчирхийллийг тэвчиж чадахгүй хэмээн амиа хорложээ. Шалгалтын явцад ямар нэгэн сэжигтэй зүйлс илрээгүй бөгөөд урьдчилсан байдлаар түүнийг амиа хорлосон гэх дүгнэлтийг хийжээ.
Түүнд өмнө нь нүүрээ буддаг, ижил хүйстнээ сонирхдог, насанд хүрэгчдийн кинонд тоглосон гэх зэргээр цахим дарамт ихээр ирдэг байсан бөгөөд тэрбээр 2021 оны 8-р сард энэхүү халдлагыг нэн даруй зогсоохыг шаардаж байжээ.
Тэрбээр найз бүсгүйтэй байсан бөгөөд дээрх гүтгэлгийн чанартай зүйлс бүгд худал гэдгийг мэдэгдсэн байна.
Түүний амиа хорлосны маргааш стрийм хийдэг Жэмми хэмээх бүсгүй мөн амиа хорлосон тухай мэдээлэл албан ёсоор ил болсон бөгөөд түүнд мөн цахим орчин дахь дарамт ихээр ирдэг байсан гэнэ. Өмнө нь ээжийгээ амиа хорлож нас барсан тухай дурдаж байсан бүсгүй сэтгэл гутралын эсрэг эм хэрэглэдэг байсан бөгөөд өнгөрөгч нэгдүгээр сард мөн амиа хорлосон байна.
Энэхүү мэдээлэл цацагдаж олон нийтийг багагүй цочролд оруулсан бөгөөд Хөх ордонд цахим орчинд бусдыг гүтгэн доромжлогчдод хариуцлага тооцох тухай гомдол ихээр иржээ.
Энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх нь тун хэцүү байдаг учир гэмт хэрэгтнүүдийн багахан хэсэг нь л шийтгэл хүлээдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )