Энэ онд 309 олон нийтийн цагдааг ажиллуулна

2022 оны 02 сарын 08

2022 онд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяанд 227, тээврийн цагдаагийн албаны харьяанд 82, нийт 309 олон нийтийн цагдааг ажиллуулах санал ирүүлснийг нэгдүгээр сарын 26-ны өдрийн Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар баталсан.

Олон нийтийн цагдаа нарт төрийн тусгай алба хаагчдын цалингийн сүлжээний 1 дүгээр шатлалтай дүйцүүлэн урамшуулал олгоно. Урамшуулал болон холбогдох бусад зардлыг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлөөс гаргах юм.

Өмнөх онд нийслэлийн хэмжээнд олон нийтийн цагдаагийн орон тоог 224 байхаар баталсан юм. Улмаар 205 олон нийтийн цагдааг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр ажиллуулсан. Ингэснээр өнгөрсөн онд олон нийтийн газарт үйлдэгдэх гэмт хэрэг 7.7 хувь, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг 7.3 хувиар буурч, гудамж талбайд үйлдэгдэх зөрчлийн илрүүлэлт 46.9 хувиар өссөн эерэг үр дүн гарчээ.

Олон нийтийн цагдааг ажиллуулах хууль зүйн үндэслэл нь Цагдаагийн албаны тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын холбогдох заалтуудад тусгагдсан байдаг аж.

Олон нийтийн цагдаа нар цагдаагийн үндсэн чиг үүргийг шууд хэрэгжүүлэхгүй бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн санаа бодлыг авах, үйл ажиллагаандаа тусгах, цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг олон нийтэд хүргэх чиглэлд ажиллана гэдгийг албаны хүн хэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top