Насанд хүрээгүй хүүхдийг эрэн сурвалжлах ажиллагааны явц байдал, шалтгаан нөхцөл, мөрдөн шалгах ажиллагааны талаар Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхбаттай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Эрэн сурвалжлах ажил гэж юуг хэлэх вэ, ямар тохиолдолд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажлыг эхлүүлдэг вэ?
-Амрыг эрье. Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас даалгасан даалгавар, шийдвэр, захирамж, иргэдээс авагдсан мэдээ, мэдээлэл, олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа гэмт хэрэг, зөрчил үйлдсэн нь тогтоогдсон, хангалттай нотлох баримттайгаар гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах үндэслэл бүхий этгээд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас оргон зайлсан тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагааг явуулах үндэслэл болдог юм.
Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ажил нь оргодол, гэмт хэрэг үйлдсэн, сэрдэгдсэн хүн, зөрчлийн холбогдогч, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн хүн, хохирогч, гэрч, оршин суугаа газраасаа сураггүй алга болсон хүн, шүүхээс даалгасан бусад хүн, эд зүйл, тээврийн хэрэгсэл эрэн сурвалжлах гээд олон төрөл чиглэлээр зохион байгуулагддаг бөгөөд өөр өөрийн онцлогоос шалтгаалж иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол мэдээлэл, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас даалгасан даалгавар, шийдвэр, мөрдөн шалгах ажиллагааны явцад, олон улсын хэмжээнд гэх мэт тус тусын шийдвэртэй. Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол мэдээллийг бүртгэн хүлээн авмагц тухайн иргэний фото зураг, содон шинж тэмдэг, өмсөж явсан хувцас зэрэг тухайн үед илэрсэн нөхцөл байдал, эрэн сурвалжлах ажилд ач холбогдол бүхий мэдээллийн хамт Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах санд бүртгэж улсын хэмжээнд цагдаа дотоодын цэргийн бүх алба хаагчдад мэдээллийг хүргэж эрэн сурвалжлах ажлыг түргэн шуурхай эхлүүлдэг.
-Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хүүхэд сураггүй алга болсон талаарх мэдээлэл иргэдийн анхаарлыг ихээхэн татдаг. Насанд хүрээгүй хүүхдийг эрэн сурвалжлах ажлыг хэрхэн явуулдаг вэ?
-Насанд хүрээгүй хүүхдийн хувьд гэр бүл, ойр дотнын хүмүүстээ хэлэлгүй найз нөхдөөрөө нэгнийдээ цуглах, хөдөө, орон нутагт зорчих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тавих ар гэрийн хараа, хяналт сулаас төөрөх, сураггүй болох, асрамж, халамжийн төвүүдээс хүүхдүүд оргон зугтах, дайжих, гадуур зорилгогүй хэсүүчлэх, гэр бүлийн таарамжгүй харьцаа, хоорондын маргаан, зөрчлөөс шалтгаалж хүүхэд орон гэрээсээ дайжин гадуур хоноглох, сураггүй алга болох зэрэг шалтгаан Цагдаагийн байгууллагад түгээмэл бүртгэгдэж байна.
Цагдаагийн байгууллага иргэдээс ирсэн мэдээллийн дагуу сураггүй алга болсон хүүхдийг байгууллагын нэгдсэн сангаар дамжуулан улсын хэмжээнд шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлж, 5 хоногийн дотор гомдол гаргагчид мэдэгдэж шийдвэрлэдэг бөгөөд ар гэрийн хүсэлтээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарладаг.
Хүүхэд оршин суугаа газраасаа алга болох, олон нийтийн газар асран хамгаалагчаас төөрөх зэрэг эрэн сурвалжлах ажлын янз бүрийн үед эхлүүлдэг байх. Одоогийн байдлаар хэчнээн хүүхдийг эрэн сурвалжилж байна вэ?
1990 оноос 14, 16 настай хүүхэд алга болсон талаар дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байдаг. Үүнээс хойш өнөөдрийн байдлаар 0-16 насны 10.115 хүүхдийг эрэн сурвалжилсан. Дээрх хүүхдүүдээс 14-ийг нь эрэн сурвалжилж байгаа бөгөөд бусдыг нь олж тогтоон эцэг эх, ар гэр, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгсөн байдаг.
Эдгээр 14 хүүхдийн 10 нь 1996-2021 оны хугацаанд, үлдсэн нь 4 нь энэ он гарсаар оршин суух газраасаа алга болсон гэж бүртгэгдэж эрэн сурвалжлах ажиллагаа одоог хүртэл тасралтгүй үргэлжилж байна.
-Хүүхдийг эрэн сурвалжлах ажил эхлүүлснээс хойш хэдий хугацаанд олж тогтоох боломжтой байдаг вэ?
-Харилцан адилгүй л дээ. Ихэнх тохиолдолд эрэн сурвалжлагдаж байгаа хүүхдүүд эрэн сурвалжлалт зарлагдсан цагаас 1-4 цаг, зарим тохиолдолд 24-72 цаг, бүр цаашлаад 14-30 хоногийн дараа олдох ч тохиолдол бий. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагаа эхлээд 24 цагаас дээш хугацааны дараа олдсон хүүхэд бүрээс болсон асуудал, гэртээ очоогүй шалтгаан нөхцөл, бие эрх чөлөөнд учирсан хохирол байгаа эсэхийг шалган тогтоодог.
Харин сураггүй алга болоод удсан иргэдийг хариуцсан аймаг, дүүрэг дэх цагдаагийн газар хэлтсээс эрэн сурвалжлах төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг тогтмол идэвхжүүлэн ажилладаг ба ажлын хэсгүүдийг шинэчлэн гаргах, нэмж ажлын хэсэг байгуулах зэргээр үйл ажиллагаагаа тогтмол сэргээн ажиллаж Эрүүгийн цагдаагийн албанаас эрэн сурвалжлах ажиллагаанд нь хяналт тавьж мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.
-Оршин суугаа газраасаа алга болсон хүүхдийг эрэн сурвалжлаад олж асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсний дараа дахин алга болох тохиолдол байна уу?
-Зарим хүүхдийн хувьд энэ үйл явц давтагддаг. Тухайлбал, асран хамгаалагчийн зүгээс хүүхдэд тавих хараа хяналт сул, гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлдэг, загнаж, зэмлэх, шүүмжлэх байдлаар ханддаг нь хүүхдийн сэтгэл зүйд хүндээр тусдаг. Мөн хүүхэдтэйгээ ярилцахгүй, сургууль найз нөхдийн хүрээнд гарсан асуудлыг шийдвэрлэхийн тулд зөвлөхөөс татгалздаг, ажил ихтэй шалтгаанаар зарим тохиолдолд үл хайхрах төрлийн хүчирхийлэлд өртүүлдэг. Мөн эцэг эх, хүүхдээс бус найз нөхдөөсөө ч шалтгаалж оршин суугаа газраасаа алга болж байна.
Шалгалтын явцад ихэнх тохиолдолд эцэг эхийн хайр халамж, хараа хяналт дутмаг, гэр бүлд нь ямар нэгэн асуудал тулгарсан, гэртээ байх сонирхолгүй, тэнүүчлэн амьдардаг, найз нөхдийн буруу үлгэр дуурайлалд автсан, үерхдэг хөвгүүн, охинтой болсон, тусдаа амьдрахаар шийдсэн зэрэг шалтгаан нөхцөл тогтоогддог. Эцэг, эх нь архи, согтууруулах ундааны хамааралтай, эсхүл эцэг эхээсээ тусдаа өвөө, эмээ, хамаатан, садныхантайгаа амьдардаг зэрэг анхаарал, халамж бага хүүхдүүд, эсвэл өсвөр насны буюу дунд, ахлах ангийн сурагчдын тухайд эцэг эх асран хамгаалагчдаа хэлэлгүй анги хамт олон найз нөхдийн гэр, бусад газарт очиж хонох, найз нөхдийн ятгалаг, буруу үлгэр дуурайлалд автан гэрээсээ дайжих зэргээр эрэн сурвалжлагдсан байдаг.
Бас нэгэн шалтгаан нь эцэг эхийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн байдаг. Тухайлбал, ойрхон худаг, дэлгүүр ороод ирэх юм чинь гайгүй биз гэж орхиж гарах, хүүхэд эцэг эхээ хайж араас нь гарч төөрөх, олон нийтийн газар хөтлөхгүй, анхаарахгүй явах зэргээс хөл хөдөлгөөн ихтэй үйлчилгээний газар, автобусны буудал зэрэг газруудад төөрсөн байх, урин дулааны цагт ой мод, гол усны ойр орчимд хүүхдээ дагуулж явахдаа анхаарал тавиагүй, хяналтгүйгээс болж хүүхэд төөрөх, усанд үйх зэргээр амь нас, эрүүл мэндээр хохирох ч тохиолдол байна.
-Хүүхдийн хүмүүжил төлөвшилд асран хамгаалагч нарын үүрэг, оролцоо маш чухал энэ үед та нийт эцэг, эхчүүдэд хандан сэрэмжлүүлэг мэдээлэл өгнө үү?
-Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ сэтгэл санааны байдал, сэтгэл хөдлөлийг анзаарч сурах нь нэн чухал юм. Хүүхэдтэйгээ ярилцахдаа буруутгахгүй, шүүмжлэхгүй ойлгож ярилцах арга барилд суралцах, цаашлаад хүүхдийнхээ сэтгэл хөдлөл, мэдрэмжийг анзаарч сэтгэл хуваалцаж мэдэрдэг байх хэрэгтэй. Өсвөр насны хүүхдийн оюун ухааны түвшин бүрэн дүүрэн хөгжөөгүй байдаг тул эцэг, эхчүүдээс ихээхэн хүчин чармайлт шаардагдах нь тодорхой шүү дээ. Асран хамгаалагчид зөвхөн өөрийн хүмүүжлийн туршлагаар бус хүүхэд бүртэйгээ харилцах, ярилцах, ойлголцох арга барилыг олж тодруулан эерэг хүмүүжлийн аргуудад суралцан хүсэл мөрөөдлийг нь дэмжих, хобби сонирхлыг нь хүндэтгэх, тулган шаардах бус санал болгох, эргэцүүлэн бодох боломжийг олгох, хүүхдийнхээ давтагдашгүй онцлогийг хүлээн зөвшөөрөх зэргээр харилцах нь хүүхдэд учирч болох эрсдэлээс сэргийлж чадна.
Хүүхэд бүр хорвоо ертөнцтэй танилцсаар бие хүн болдог учир эцэг, эхчүүд хүүхдийнхээ нүдэнд юу үзэж харуулна таны хүүхэд тэрхүү жишгийг дагана. Иймээс хүүхдийнхээ дэргэд маргахгүй байх, бие биедээ гар хүрэхгүй байх, хүндэтгэлтэй хандах, тэр тусмаа хүүхдийнхээ дэргэд архидан согтуурахгүй байхыг зөвлөж байна.
Хүүхэд алга болсон даруйд цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй хугацаа алддаг нь эрэн сурвалжлах ажлын үр дүнд зарим тохиолдолд сөргөөр нөлөөлдөг. Иймд цагдаагийн байгууллагад нэн яаралтай хандаж, бүртгүүлэх, мөн хүүхэд олдсон болон оршин суугаа хаягтаа ирсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад эргэн мэдэгдэх хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 0 )