Боомтын гацааг арилгахгүй бол ЭЗ ердөө 0.7 хувиар өсөх магадлалтай

2022 оны 04 сарын 21

Дэлхийн банк “Шуургыг тэсвэрлэх нь” нэртэйгээр Зүүн Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн тойм тайлангаа гаргалаа.

Дэлхийн банкны Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Андрей Михнев “Эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд зайлшгүй тохиргоо хийх шаардлагатай. Тухайлбал, инфляцыг мөнгөний бодлогын дунд хугацааны зорилтын хүрээнд тогтворжуулах, Монголбанкны үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах, өрийн дарамтыг бууруулахад чиглэсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийн халамжийг зөвхөн зорилтот бүлгүүдэд чиглүүлэхэд анхаарах нь зүйтэй байна.Түүнчлэн Монгол Улсын хувьд олон тулгууртай бөгөөд тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд бүтцийн шинж чанартай реформуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна” хэмээв.

Тус тайланд улс орнуудын өсөлтийн төлөв буурахад гадаад эдийн засгийн орчинд гурван зүйл голлон нөлөөлж байгааг дурдсан байлаа.

Нэгдүгээрт: АНУ-ын өндөр инфляц, мөнгөний бодлогын төлөв чангарч буй явдал ажээ.

Хоёрдугаарт: БНХАУ-ын “Тэг ковид” бодлого, үл хөдлөх салбараас үүсэлтэй санхүүгийн хүндрэл аж.

Гуравдугаарт: ОХУ болон Украины нөхцөл байдал, түүнээс улбаатай түүхий эд болон санхүүгийн зах зээлд гарч буй өөрчлөлт, тодорхой бус байдлыг онцолсон байна. Эрчим хүч импортлодог манай улсын хувьд ИХ-7 орнуудын эдийн засгийн саармагжилтыг тооцвол өсөлт 2.2 орчим хувиар бууруулах нөлөө гарч байгаа юм. Энэ нь гадаад шокоос хүчтэй хамааралтай манай эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 5.2 хувиас 2.5 хувь руу бууруулав.

Эдийн засгийн өсөлтийг бууруулахаас ч өөр аргагүй. Дээр дурдсан гурван хүчин зүйл нь манай улсад дам болон шууд байдлаар нөлөө үзүүлж байгаа юм. Манай улсын эдийн засаг 2020 онд 4.4 хувиар агшсан. Гэсэн хэдий ч өнгөрсөн оны эхний улиралд эдийн засаг хурдацтайгаар тэлсэн боловч сүүлийн гурван улиралд эдийн засгийн өсөлт саарсан юм. Улмаар он гарснаас хойш инфляц өсөж 14.4 хувьд хүрч, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр байгаа нь Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийг батлахад хүргэсэн.

Цар тахал дэлхийн улс орон бүрд эдийн засгийн хүндрэлийг үүсгэсэн юм. Харин үйлдвэрлэгч биш манай улсын хувьд ихээхэн асуудлуудыг бий болгосоор байгаа.

Тухайлбал, манай улс цар тахлаас үүдсэн орлогын тэгш бус байдал нэмэгдсэн үзүүлэлтээр Зүүн Ази, Номхон далайн орнууд дундаа тэргүүлж байна. Бүс нутагтаа суурь инфляцын түвшин, бодлогын хүү өндөр, Засгийн газрын зардал ДНБ-ий 80 хувьд хүрсэн зэрэг үзүүлэлтээр ч мөн тэргүүлж байгаа юм. Түүгээр ч зогсохгүй гадаад секторын эмзэг байдлын үзүүлэлтээр бүс нутагтаа нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. Үүнд урсгал тэнцлийн алдагдал, богино хугацааны өр, өрийн үйлчилгээний төлбөрийн ДНБ-д эзлэх хувь маш өндөр буюу 43 хувь байгаа нь нөлөөлжээ.

Энэ байдлаас үзэхэд Дэлхийн банкнаас гаргасан хамгийн өндөр бууралтыг Монголын өсөлтийн төсөөллийн тоо харуулж байгаа юм. Өмнө нь дурдсанчлан энэ оны өсөлтийг 2.5 хувьтай, хамгийн багадаа 0.7 хувьтай байх төсөөллийг гаргасан. Эдийн засгийн өсөлтийн хувийг бууруулахад нөлөө үзүүлсэн зүйл бол эмзэг байдалд буй Улсын төсөв юм. Цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас олгосон дэмжлэг тусламж нь маш өндөр зардалтай, дээрээс нь зорилтот бус, хэт хавтгайрсан билээ. Тухайлбал, 2020-2022 онуудад олгосон, зөвхөн цар тахалтай холбоотой зардал нь ДНБ-ийг харгалзан ойролцоогоор 6.5, долоо, 3.5 хувь байгаа нь бусад орнуудын үзүүлэлтээс хоёр дахин өндөр байна.

Бусад орнуудад 2022 оны хувьд цар тахалтай холбоотой дэмжлэгүүдээ зогсоогоод эхэлсэн хэдий ч Монголд үргэлжилсээр байгаа юм. Цар тахлын үед Засгийн газрын дэмжлэгийг нийт өрхийн 80 гаруй хувь нь авсан гэх тоон мэдээлэл бий. Улсын төсөв хэт эмзэг байдалд оршсоор байгаа нь бүс нутагтаа хамгийн муу үзүүлэлт гэдгийг дурдах хэрэгтэй. Төсөв дэх хүүний зардал төсвийн орлогын долоон хувь, Засгийн газрын өр, ДНБ-ий харьцаа 80 хувь, улсын нэрээр авсан өрийн эргэн төлөгдөх дундаж хугацаа 2.9 жил байгаа нь бүс нутагтаа хамгийн муу үзүүлэлтийг бий болгож байна. Тэгвэл манай улсын эдийн засгийн хэтийн төлөв болон эрсдэлийн талаар Дэлхийн банкнаас дараах мэдээллийг гаргасан байна.

 

ЭДИЙН ЗАСАГ ИРЭХ ОНУУДАД ЗУРГААН ХУВЬ ДАВАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

 

Хил боомтын доголдол арилсан тохиолдолд энэ оны сүүл рүү нүүрсний экспорт сэргэх боломжтой ажээ. Монголын хамгийн том зэсийн орд болох Оюу толгойн зэсийн хүдрийн агууламж буурснаар 2022 онд уул уурхайн салбарын бүтээгдэхүүний өсөлт түр хугацаанд саарахаар байна. Эдийн засаг сэргэхийн хэрээр хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал алгуур сайжирч дотоодын эрэлтийг дэмжихээр байгаа ч өндөр инфляц өрхийн бодит орлого, хэрэглээг хязгаарлан эдийн засгийн сэргэлтийг хазаарлахаар дүр зураг ажиглагдаж байгаа аж. Үндсэн хөрөнгийн хуримтлал цар тахлын өмнөх үеийн дундажтай харьцуулахад алгуур өсөх юм байна.

Үүнд Рио Тинто компанитай хийсэн хэлэлцээр голлон нөлөөлж, ГШХО-ын дотогшлох урсгалыг тогтворжуулахаар байгаа ажээ. Энэхүү хөрөнгө оруулалт нь богино хугацаанд барилга болон үйлчилгээний салбарыг тэтгэх бол урт хугацаанд уул уурхайн олборлолтын хүчин чадлыг ахиулахаар байна. Дунд хугацаанд эдийн засгийн өсөлт хурдсах аж. Оюу толгойн гүний уурхайн олборлолт 2023 оны хоёрдугаар хагаст эхлэхтэй холбоотойгоор ирэх онуудад эдийн засаг зургаан хувь давахаар байна.

 

УЛСЫН ӨРИЙГ ТОГТВОРЖУУЛАХАД ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

 

Түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ өндөр түвшинд байгаа ч хил боомтуудын үйл ажиллагаа жигдрэхгүй бол төсвийн алдагдлыг бууруулах нь тун ярвигтай асуудал юм. Дэлхийн банкны таамаглалаар төсвийн нийт алдагдал энэ онд ДНБ-ий таван хувьд хүрэх юм байна. Үүнд хөрөнгийн зардал, цар тахалтай холбоотой үргэлжилж буй зарим дэмжлэг, тэтгэврийн нэмэгдэл (ДНБ-ий 1.5 орчим хувиар) нөлөөлөх юм. Харин 2023-24 онд төсвийн нийт алдагдал ДНБ-ий 4.6 хувьд хүрч, буурахаар байна. Энэ онд ДНБ-ий 84 хувьд хүрч өсөх улсын өрийг (Монголбанк болон ХАБ хооронд байгуулсан своп шугамыг хасвал) тогтворжуулахад төсвийн консолидац буюу төсвийн алдагдлыг бууруулах, өрийн хуримтлалыг нэмэгдүүлэхгүй байхад чиглэгдсэн бодлого шаардлагатай.

 

ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХЫН ТУЛД МӨНГӨНИЙ БОДЛОГЫГ ЧАНГАРУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ

 

Ойрын хоёр жилд дэлхийн санхүүгийн зах зээлээс эх үүсвэр босгох нөхцөл чангарч, том дүнтэй гадаад өрийн эргэн төлөлт тулж, урсгал тэнцлийн алдагдал өндөр түвшинд хадгалагдахын хэрээр гадаад секторын дарамт нэмэгдэхээр байна. Инфляцын түвшин зорилтот түвшнээс мэдэгдэхүйц давсан, гадаад тэнцвэргүй байдал нэмэгдэж байгаа, бодит хүү сөрөг утгатай байгааг харгалзан үзвэл энэ онд үнийн тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд мөнгөний бодлогыг цаашид ч чангаруулах нь зүйтэй.

 

ЭДИЙН ЗАСГИЙН СУУРЬ ТӨСӨӨЛЛИЙН ХУВЬД СӨРӨГ ЭРСДЭЛ ДАВАМГАЙЛЖ БАЙНА

 

Муу хувилбараар буюу Монгол-Хятадын хил боомтуудын гацаа энэ оны турш арилахгүй, Украины дайнаас шалтгаалан түлш шатахууны үнэ өндөр түвшинд хадгалагдаж, дэлхийн санхүүгийн зах зээлээс эх үүсвэр татах боломж эрчимтэй хумигдах тохиолдолд манай улсын эдийн засаг ердөө 0.7 хувиар өсөж болзошгүй байна. Таамаглалын энэ гутранги хувилбар хэрэгжвэл улсын төсвийн орлого дутаж, алдагдал улам нэмэгдэх юм. Дэлхийн санхүүгийн зах зээлээс эх үүсвэр татах нөхцөл чангарснаар 2023 онд эргэн төлөгдөх бондуудыг дахин санхүүжүүлэхэд хүндрэлтэй болох ажээ.

Мөн Хөгжлийн банкны бондыг 2023 онд эргэж төлнө. Хэрэв Хөгжлийн банк бондоо төлж чадахгүй хэмжээнд хүрвэл олон улсын зах зээлд манай улсын нэр хүнд унаж, дахин бонд гаргахад хязгаарлагдмал байдал үүсэх юм. Улмаар Засгийн газар энэ бүхнийг ямар нэгэн байдлаар төлөх эрсдэлтэй байна. Хэрэв энэ нөхцөл байдал руу орвол өмнө нь үүссэн эрсдэл үлэмж хэмжээгээр нэмэгдэх юм.

 

МАКРО ЭДИЙН ЗАСАГТ ТОХИРГОО ХИЙХ ШААРДЛАГАТАЙ

 

Мөнгөний бодлогын үндсэн зорилтыг инфляцын хүлээлтийг бууруулахад эргүүлэн чиглүүлэх шаардлагатай. Бодлогын хүүг цаашдаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ төсөвтэй адилтгах арга хэмжээнээс гарах, төв банкны үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах нь зүйтэй. Монгол Улс импортоос үлэмж хамааралтай, ханшийн инфляцад үзүүлэх сувгийн нөлөө өндөр тул чөлөөтэй хөвөгч ханшийн дэглэмээс болгоомжлох нь ойлгомжтой. Гэхдээ өнөөгийн валютын интервенц, валютын хязгаарлалтуудыг удаан хугацаанд тогтвортой хадгалах боломжгүй бөгөөд зах зээлийн итгэлцэлд сөргөөр нөлөөлж, долларжилтыг өдөөх эрсдэлтэй юм.

Гадаад, дотоод өрийг тогтворжуулахад төсвийн алдагдал, өрийн хуримтлалыг бууруулахад чиглэсэн төсвийн бодлого шаардлагатай байна. Төсвийн дэмжлэгийг зөвхөн зорилтот бүлэгт буюу орлого багатай, ядуу иргэдэд чиглүүлснээр нэг талаас эмзэг өрхүүдээ дэмжих, нөгөө талаас төсвийн тэнцвэргүй байдлыг гааруулахгүй байх ач холбогдолтой.

Энэ бүхний эцэст эдийн засгийн бүтцийн реформ нь хийх нь тогтвортой өсөлтөд нөлөөтэй хэмээн үзсэн байна. Эдийн засгийн реформд худалдааны болон тээвэрлэлтийн зардлыг хямдруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад дэмжлэг үзүүлэх, үнэ тарифын реформыг гүйцэтгэх замаар сэргээгдэх эрчим хүчний салбарт хийх хувийн хөрөнгө оруулалтыг өөгшүүлэн дэмжих нь чухал байгаа ажээ. Эцэст нь, санхүүгийн секторын реформууд нь банкнуудын хувьцаа гарган нийтийн компани болохтой холбоотойгоор банкнуудын өөрийн хөрөнгийн бодит үнэлгээг хийх, санхүүгийн шинэ хэрэгслүүдтэй холбоотой эрсдэлүүдийг (тухайлбал, виртуал активууд) бууруулах ажил дээр төвлөрвөл зохино хэмээн мэдээлсэн юм.

Үүнд нэгэн зүйлийг онцлох хэрэгтэй. Хэдийгээр Монгол Улсын тэтгэврийн тогтолцоо нь хамралтын түвшин өндөртэй ч, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, тэтгэврийн зардлыг тооцвол санхүүгийн хувьд тогтворгүй болохоор байна. Өнөөгийн хуваарилалтын тогтолцоогоор татан төвлөрүүлсэн шимтгэлийн орлого, тэтгэврийн зардлын зөрүүг ДНБ-ий 2.8 хувьтай тэнцэх хэмжээний улсын төсвийн дэмжлэгээр санхүүжүүлж байгаа юм. Тогтолцооны параметр үзүүлэлтүүдийг шинэчлэхгүй бол улсын төсвийн татаас хурдацтай нэмэгдэж, 2030 он гэхэд ДНБ-ий 6.8 хувь, 2050 он гэхэд ДНБ-ий 11.3 хувьд хүрэхээр байна. Тэтгэврийн тогтолцоонд параметрийн өөрчлөлт хийж чадвал санхүүгийн тогтвортой байдлыг хангах боломж бүрдэхээр байгаа ажээ.

Нэгдүгээрт, тэтгэврийн хэмжээг (мөн тэтгэврийн доод хэмжээг) инфляцын түвшнээр индексжүүлбэл тэтгэврийн хэмжээг урьдчилан таамаглагдахуйц болгож, итгэлцлийг нэмэгдүүлж, улмаар энэ оны эхэн үед хэрэгжүүлсэн шиг тухайн үеийн, гэнэтийн нэг удаагийн шинж чанартай зохицуулалт хэрэглэх шаардлагагүй болно. Хоёрдугаарт, тэтгэвэрт гарах насыг 65 нас хүртэл аажмаар нэмэгдүүлэх, ингэхдээ тэтгэврийн насыг шимтгэл төлсөн байх хугацаатай зэрэгцүүлж холбохгүй байх, эрт тэтгэвэрт гарах тохиолдолд тэтгэврийн хэмжээг актуар тооцооллын дагуу эрх тэгш зарчмаар бууруулах. Гуравдугаарт, шимтгэлийн хувь хэмжээг 2008 оноос өмнөх түвшинд буюу нийт цалин, хөлсний 19 хувьд аажмаар хүргэж нэмэгдүүлэх.

Дөрөвдүгээрт, тэтгэвэр бодохдоо даатгуулагчийн хамгийн өндөр цалин, хөлс мэдүүлсэн долоон жилийн дунджаас тооцож байгааг даатгуулагчийн насан туршийн цалин, хөлсний дунджаас тооцдог болох зэрэг өөрчлөлтийг нэрлэж болно. Үүнээс гадна, шимтгэлд суурилсан бүрэн хуримтлалын тогтолцоог (ШСБХТ) хөгжүүлье гэвэл, эхлээд сайн дурын, нэмэлт тэтгэврийн давхарга хэлбэрээр нэвтрүүлэх, эсвэл эдүгээ үйлчилж буй хуваарилалтын тогтолцоонд төвлөрүүлж буй шимтгэлээр биш харин нэмэлт шимтгэлээр санхүүжүүлэх нь зүйтэй гэдгийг тус тайланд онцлон тэмдэглэсэн байлаа.

Д.АННА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top