Нийслэлийн Цагдаагийн удирдах газар (НЦУГ)-ын дэд дарга, хурандаа Б.Оюутболд нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд Үндэсний баяр наадмын амралтын өдрүүдээр цагдаагийн байгууллагаас хийж, хэрэгжүүлсэн ажлыг танилцууллаа.
Тэрбээр мэдээлэлдээ “Баярын амралтаар гол усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг НОБГ-тай хамтран зохион байгуулсан. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 92 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Гол устай газруудаас 17 иргэнийг эрүүлжүүлсэн. Гадаадын иргэнтэй холбоотой таван дуудлага ирснийг тухай бүр шийдэж ажилласан.
Төв цэнгэлдэхэд 12 хүүхэд эцэг, эхээсээ төөрснийг тэр даруй олж өглөө. Хүүхдийг төөрөхөөс сэргийлж, бугуйвч тарааж өгсөн нь үр дүнгээ өгсөн.
Олон нийтийн арга хэмжээнд давхардсан тоогоор 1616 алба хаагч ажиллалаа. Өмнөх жилүүдтэй харьцуулахад гэмт хэргийн гаралт бага байсан.
Баярын амралтын өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 223, зөрчлийн шинжтэй 4765, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 572 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн” гэдгийг онцлов.
Баярын өдрүүдээр хүний аминд халдсан хэрэг зөрчил гараагүй. Харамсалтай нь, 47 иргэн золгүй байдлаар амиа алджээ.
Сэтгэгдэл ( 0 )