УИХ намрын ээлжит чуулганы эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх юм. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар улс төрийн намууд, хуульч, судлаачдын байр суурийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Улсын Бага хурал, АИХ-ын депутат асан Д.Чилхаажав, иргэний нийгмийн зүтгэлтэн, судлаач Ж.Сүхжаргалмаа нарын байр суурийг хүргэж байна.
Д.Чилхаажав: Төр, иргэний холбоог бэхжүүлэх ёстой
Үндсэн хуульд олон чухал заалт бий. Гол амин сүнс нь төрийн эрх мэдэл бүх ард түмний гарт байх тухай заалт. Өнөөдөр төрийн бүх эрх ард түмний мэдэлд байна уу. Энэ өнцгөөс авч үзвэл харин ч холдсон гэж хэлж болох юм. Нэг жишээ нь, 2000 онд оруулсан “Дордохын долоон өөрчлөлт”. 2019 оны нэмэлт, өөрчлөлт мөн ялгаагүй төр, ард түмний холбоог бэхжүүлэх бус сулруулах чиглэлд хийгдсэн. Бид төр, ард түмний хоорондох холбоог бэхжүүлэхийн төлөө байх ёстой. Иймд энэ заалтыг өөрчлөх Үндсэн хуулийн шинэчлэл хийхийг дэмжинэ. Ер нь бол Монгол Улс хоёр танхимтай юм уу, хоёр шатны парламенттай болсон цагт төрд бий болсон гажуудал арилна. Дээр хэлсэнчлэн 2000 онд оруулсан дордуулсан долоон өөрчлөлтийг өөрчлөх хэрэгтэй.
Ж.Сүхжаргалмаа: Цогц өөрчлөлт хийх хэрэгтэй
- Бидэнд тогтолцооны ямар загвар тус болохыг мэдэх хэрэгтэй. Аль загвар нь үндэсний аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхолд нийцэх вэ гэдэг нь хамгийн чухал. Монголд найман сонгуулийн хоёрыг томсгосон тойргоор явуулсан. Нэгийг нь холимог тогтолцоогоор хийсэн. Үлдсэн тав нь АНУ шиг жижиг тойргоор хэн илүү санал авсан нь гарах хэлбэрээр сонгуулиа явуулсан. Япон болон Германы туршлагаас харах, харьцуулж үзэх зүйл олон байдаг. Манайх эдгээр зүйлийг анхаарч, судлах хэрэгтэй. Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын болон намын санхүүжилтийн тухай хуулийг хамтад нь авч хэлэлцэх ёстой. Ингэхдээ Үндсэн хуультай холбож цогц өөрчлөлт хийхгүйгээр урагшлахгүй. Энэ үндсэнд Үндсэн хуулийн шинэчлэл хийх нь хөгжлийн хамгийн зөв гарц байх болно.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
Сүүлийн 30 жил дампуурч байна даа Монгол улс. Баахан авилгачид өөрсдийн эрх ашигт зориулж Үндсэн хууль хийж, тэр нь улс орныбг улам сөхрүүлж, дэлхийн дампуурч байгаа улсуудын жагсаалтанд орлоо. Өрийг өрөөр төлж тэнэгтээд. Удахгүй Хятадын муж болж, ард түмнээрээ боол болох байх даа.
Өчигдөрхөн шинэчлээд баяр хийгээд бсан. Одоо арай үгүй блгүй.