Дэлхийн хэмжээнд танигдсан Өмнөд Солонгосын 2NE1 хамтлагийн гишүүн Сандара Пак өдгөө томоохон брэндүүдийн нүүр царайгаар ажиллаж буй нэгэн.
Сүүлийн 10 гаруй жилийн турш алдартны амьдралаар амьдарч буй тэрээр өсвөр насандаа хүнд хэцүү амьдралыг туулсан гэдгийг олон нийт тэр бүр мэддэггүй. Дарагийн аав бизнесмэн нэгэн байжээ. Дараг найман настай байхад бизнес нь дампуурснаар хөрөнгөө алдсан бөгөөд тэдэнд автобусанд суух мөнгө ч байдаггүй байсан гэнэ.
Дара айлын том хүүхэд учраас дүү нараа харах үүрэг түүнд ноогддог байв. Түүнийг 10 нас хүрэх үед бизнесээ сэргээхийн тулд гэр бүлээрээ Филиппин руу цагаачилжээ. Тэндээ сургуульд суралцаж эхэлсэн Дара хэлний бэрхшээлээс үүдэн хүүхдүүдэд шоовдорлуулж эхэлжээ. Үүнээс жилийн дараа гэхэд Филиппин хэлээр чөлөөтэй ярьдаг болсон Дара "YG" энтертайнментийн Ян захиралын хамтлагийн дууг сонсон урам зориг авч, алдартан болохыг мөрөөддөг байсан гэнэ.
Тэрээр 21 настайдаа “Star Circle Quest” шоунд оролцож хоёрдугаар байр эзэлснээр алдартан болох замнал нь эхэлсэн. Телевизийн шоу нэвтрүүлэг, цувралуудад тоглож эхэлсэн түүний карьер 2007 он гэхэд уналтад оржээ. Үүнтэй зэрэгцэн түүний аав зээлээ эргэн төлөөгүй хэрээр баривчлагдсан нь тухайн үедээ шуугиан дэгдээж байв.
Хэдийгээр аавыгаа батлан даалтад гаргасан ч шоронд хоригдохоор болсон нь Дарагийн нэр хүндийг улам бүр унагаж байлаа. Үүнээс үүдэн киноны дүрийн санал ирэх нь багасаж, байгууллагууд гэрээгээ цуцалж эхэлжээ.
Санхүүгийн хүнд байдалд орсон түүнд нэгэн сэтгүүл дотуур хувцастай зураг авалтад орох санал тавьжээ. Хэдийгээр ичгэвтэр байсан ч уг зураг авалтад оролцохыг зөвшөөрсөн Дарагийн Филиппинд харьяалагддаг байсан компани уг үйл явдлын дараа гэрээгээ цуцалжээ.
Түүнийг 23 настай байхад Өмнөд Солонгосын "YG" энтертайнмент түүнийг дадлагажигчаар авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн гэхэд хилсдэхгүй. Уг саналыг хүлээн авсны дараа гэр бүлээрээ эргэн эх орондоо ирсэн байна.
"YG"-д дадлагажигч байх үедээ шаргуу ажилласны эцэст хоёр жилийн дараа "2NE1" хамтлагт дэбютээ хийж чадсан тэрээр асар их нэр хүндийн эзэн болж чаджээ.
Гэр бүлийнхээ төлөө уйгагүй зүтгэж чадсан тэрээр өдгөө к-поп ертөнцийн хамгийн хүчтэй охидын хамтлагийн гишүүн, дэлхийн хэмжээний брэндүүдийн нүүр царайгаар ажиллаж, к-поп ертөнцийн хамгийн баян айдолуудын жагсаалтын эхний 5-т бичигдэж байсан түүхтэй билээ.
Сэтгэгдэл ( 0 )