Төсвийн бодлогын шинэчлэл сэдэвт хэлэлцүүлэг 2022.09.22-нд Төрийн ордонд боллоо. Тус хэлэлцүүлгийг УИХ, Төсвийн байнгын хороо болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хамтран хэрэгжүүлсэн юм. Төсвийн төлөвлөлт болоод ил тод байдлын хяналтыг хэрхэн сайжруулах вэ гэдэг дээр голчлон ярьсан тус хэлэлцүүлгийн үеэр гишүүд болоод төсөв, санхүүгээр мэргэшсэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн хэлсэн саналыг тоймлон хүргэж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Энэ хэлэлцүүлэг цаг үеэ олсон, чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг болно гэдэгт итгэж байна. Улс орны гадаад нөхцөл байдал хүндрэлтэй, дэлхий нийтэд хил гаалийн хязгаарлалт, хөл хорио, геополитикийн зөрчилдөөнтэй байдлаас шалтгаалсан инфцляц, ханшийн дарамт, экспорт гээд олон асуудал Монгол Улсын эдийн засагт тулгарч байна. Төсвийн бодлогын шинэчлэлийн асуудлыг нээлттэй хэлэлцүүлж, төсвийн ил тод байдлыг хангахад онцгойлон анхаарч байгаа.
Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байхаар тусгасан. Үүний суурь нь улсын төсвийн асуудал. Төсөв хэт төвлөрсөн байгаа нь орон нутгийн бие даасан байдалд шууд нөлөөлж ирсэн. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2014 оноос хойш дунджаар 11.9 хувиар өссөн байхад зардал 12.6 хувиар нэмэгдсэн. Энэ алдагдлыг өр, зээлээр нөхөж ирлээ.
Өнгөрсөн 2020 онд таван их наяд төгрөгийн гадаад зээлийн эх үүсвэрийг дайчилж 2.4 их наядыг зээлийн төлбөрт, 2021 онд 4.3 их наяд төгрөгийн гадаад эх үүсвэр бүрдүүлснээс 3.8 их наядыг зээлийн төлбөрт зарцуулсан байна.
Энэ жил ойролцоогоор 1.3 их наяд төгрөгийг зээлийн үйлчилгээний төлбөрт төлнө.
Засгийн газрын нийт өр 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 32.4 их наяд төгрөгт хүрсэн. Үүний 28.7 их наяд төгрөг нь Засгийн газрын гадаад өр, 3.7 их наяд буюу 11.4 хувь нь Засгийн газрын дотоод өр, баталгаа, концессийн өр, орон нутгийн зээл эзэлж байгаа юм.
Ийм байдлаар цаашид явж болохгүй нь нэгэнт тодорхой. Тийм учраас юу хийх, ямар бодлого баримтлах, хамгийн гол нь төсвийн сахилгыг хэрхэн сайжруулах талаар нэг мөр шийдэж түүнийгээ урт хугацаанд тогтвортой мөрдөх нь чухал. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2010 онд баталсан. Гэвч энэ хууль болон Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн төсөөллийн тухай хуульд гэнэтийн давагдашгүй хүчин зүйл бий боллоо гэсэн үндэслэлээр өөрчлөлт оруулсаар ирлээ. Өрийн хэмжээ нэмэгдсэнээс шалтгаалж 2016 оноос хойш зээлийн үйлчилгээний төлбөрт жилд дундажаар нэг их наяд төгрөг төлж байгаагаас 80 гаруй хувийг нь гадаад зээлийн өр эзэлж байна.
Энэ нь валютын эрэлт, ханшийн өсөлтийг бий болгож байна. Энэ оны байдлаар манай нийт экспортын 92 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа нь мөн нөлөөлж байгаа. Үйлдвэрлэлийг дэмжих татвар, зээлийн бодлого үндсэндээ байхгүйгээс болж манай үндэсний үйлдвэрлэл, экспортын салбар уул уурхайгаас хамааралтай, эмзэг болсон. Хүндрэлтэй асуудлууд хэдийгээр байгаа ч гэсэн манай ирээдүй сайн байгаа гэдгийг онцолж хэлэх хэрэгтэй. Ирэх оноос уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өндөр байх, Оюу толгойн далд уурхай ашиглалтад орох зэрэг эерэг дүр зураг харагдаж байгаа.
Төсвийн бодлогын хувьд ойрын хугацаанд төсвийн орлогыг бүх түвшинд нэмэгдүүлэх, үүний тулд экспортлогч орон болох зорилгоо бодитой хэрэгжүүлэх, гадаадын зээл тусламжаар зөвхөн эдийн засагт бодит үр өгөөжөө өгөх төсөл арга хэмжээг санхүүжүүлдэг болох, НӨАТ-ыг боловсронгуй болгох замаар далд эдийн засгийг бууруулах, тансаг хэрэглээнд татвар ногдуулах, инфляцийг бууруулахад дэмжлэг болох эдийн засгийн өсөлтийг тэнцвэржүүлэх эсрэг мөчлөг бүхий салбаруудыг хөгжүүлэх, дотоод бондын зах зээлийг хөгжүүлэх нэн шаардлагатай байна. Мөн зардлыг бууруулах арга хэмжээг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгтэй. Халамжийг зөвхөн зорилтод хэсэгт, хэмнэлтийг зөвхөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглүүлэх нь чухал байна.
Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн:
-Энэ оны зургаадугаар сарын гүйцэтгэлээр ДНБ 23 их наяд төгрөгтэй, эдийн засгийн бодит өсөлт 1.9 хувьтай байна. Харин инфляц 13.8 хувь, мөнгөний бодлогын хүү 12 хувьтай. Ажиллах хүчний оролцоо 56.9 хувьтай байгаа бол ажилгүйдэл, ядуурлын түвшин мөн өндөр түвшинд байна.
Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд гадаад эрсдэлт нөхцөл байдлын улмаас төсөв, мөнгөний бодлого хүнд байдалд байгаа. Түүнчлэн дотоод хүчин зүйлүүд ч төсвийн болон төлбөрийн тэнцлийн алдагдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Өнгөрсөн жилийн мөн үед мөнгөний бодлогын хүү зургаан хувьтай байсан. Харин сая хуралдаад 12 хувьд хүргэсэн.
Хагас жилийн байдлаар нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 10 их наяд, зарлага 10.9 их наяд, төсвийн алдагдал 0.9 их наяд төгрөг байна. Засгийн газрын нийт өрийн үлдэгдлийг жилийн дүнгээр нь авч үзвэл 28.7 их наяд төгрөг байгаа юм.
Төсвийн зардал дотор хамгийн их ачаалал болж байгаа зардал нь урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардал юм. Хагас жилийн гүйцэтгэлээр нь авч үзэхэд, төсвийн урсгал зардал есөн их наяд байна. Сүүлийн 15 жилийн хугацаанд цалингийн зардал огцом нэмэгдсэн.
Мөн нийгмийн халамжийн бодлогын хүрээнд авч үзэхэд, төсөв дээр хамгийн их ачаалал болж байгаа зардал бол хүүхдийн мөнгөний асуудал. Төсвийн нийт зардлыг 10 орчим хувьтай дүйх хэмжээний зардлыг хүүхдийн мөнгөнд зарцуулж байна. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд жилдээ нэг их наядаас давсан төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулжээ. Хүүхдийн мөнгө олгож эхэлсэн үеэс хойших дунджаар авч үзэхээр энэ нь тав дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.
Гадаад өр, зээлийн үйлчилгээний төлбөр мөн төсөвт хамгийн их ачаалал болж байна. Ирэх онд нийтдээ 5.7 их наяд төгрөгийн өр, төлбөр төлөгдөх төлөвлөгөө бий.
Эдийн засагч Д.Ган-Очир:
-Цар тахал, дайны хямрал өмнөх хямралуудаас ялгагдаж байгаа гол онцлог бол эдийн засгийн нийлэлтийн тал дээр 1970, 1980 оны газрын тосны хямралын дараа өгч байна. Өнгөрсөн 2007 оны хямрал болохоор санхүүгийн эрэлтийн талд хүчтэй цохилт өгч байсан. Энэ утгаараа өмнөх хямралууд дээр Төв банкны үүрэг, тэр дундаа блансын тэлэлт, Бодлогын хүүний өөрчлөлт зэрэг арга хэмжээ үр дүнтэй байсан бол энэ удаагийн хямрал инфляцийг маш хүчтэй өдөөдөг, эдийн засгийн өсөлтийг нь хязгаарладаг, сонголтын хувьд маш төвөгтэй болгож байгаа.
Импорт 25 хувиар өссөний 20 хувь нэгжийг нь үнийн өсөлтүүд, тэр дундаа шатахуун, импортын хүнсний өсөлт, бусад импортын бараануудын тээврийн зардлын өсөлтүүд маш том дарамт болж байна. Нөгөө талдаа нүүрсний экспорт маань 14 сая тонн буюу хүлээлтэд хүрч, хангалттай хэмжээний орлогыг бий болгохгүй байна. Дээрээс нь дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ, хилийн үнэ хоёрын зөрүү нь хоёр тэрбум ам.доллар болчихлоо. Ингээд төлбөрийн тэнцэл дээр үүсэж байгаа ачааллыг валютын нөөцөн дээр авахаас өөр аргагүй болж байгаа. Төлбөрийн тэнцлийн алдагдал энэ оны наймдугаар сарын байдлаар 1.5 тэрбум, гадаад валютын нөөц 2.67 тэрбум ам.доллар байна.
Эдийн засагч Н.Энхбаяр:
-Цаг үеэ олсон маш чухал хэлэлцүүлэг хийж байна. Цаашдаа ч гэсэн олон нийт, судлаачдыг хамарсан ийм хэлэлцүүлгийг хийх нь чухал. Төсвөө ярихын өмнө олон зүйлийг тодорхой болгох ёстой. Эрүүл мэндийн салбар, Боловсролын санхүүжилт, тэтгэврийн тогтолцоо зэрэг асуудлууд зарчмын хувьд маш тодорхой болж байж төсөв дээр очиж суух ёстой. Мэргэжлийн түвшний судлаачдын саналыг аваад Засгийн газрын саналтай зэрэгцүүлээд хэлэлцүүлэх хэрэгтэй. Тэгээд юу нь буруу, юуг нь орхисон байна вэ гэдгээ тодорхойлчихно.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )