Бетон зуурмаг үйлдвэрлэгчдийн холбооноос цементийн хомсдол үүссэнтэй холбоотойгоор тодорхойгүй хугацаанд үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа мэдэгдсэн. Энэ талаар Бетон зуурмаг үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн А.Даваадоржоос тодрууллаа.
-Бетон зуурмаг үйлдвэрлэгчдийн холбооноос гаргасан мэдэгдэл энэ намрын бүтээн байгуулалт зогсож байгааг илтгэж байна. Үнэхээр нөхцөл байдал хүнд байна уу?
-Есдүгээр сарын 23-ны өдөр Бетон зуурмаг үйлдвэрлэгчдийн холбооноос мэдэгдэл гаргасан. Яагаад гэвэл цементийн олдоц бага, үнэ хэтэрхий өндөр байна. Үүнтэй холбоотойгоор бетон зуурмаг үйлдвэрлэгчид цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо. Цементийн нийлүүлэлт дээр ямар нэгэн байдлаар зохицуулалт хийхгүй бол үндэсний 30 гаруй компанийн үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар зогсож байна. Зуурмаг байхгүй бол барилгын салбар угаасаа явахгүй. Цементийн нийлүүлэлтийг зөвхөн зам руу чиглүүлснээр барилгын салбарыг нурааж байна
-Цементийн хомсдол хэзээнээс эхэлсэн бэ?
-Цементийн хомсдол тавдугаар сараас эхэлсэн. Цемент үйлдвэрлэдэг томоохон гэгдэх Хөтөлийн "Цемент шохой”, “МАК”, “Мон цемент”, “Улаан цемент”, “Налгар түшиг” гэсэн үйлдвэрүүд бий. Тэд жилдээ 1 сая орчим тонн цемент үйлдвэрлэдэг. Монгол Улсын жилийн хэрэглээ 1,8-2 сая орчим байдаг. Томоохон бүтээн байгуулалт хийсэн жил энэ тоо бага зэрэг нэмэгддэг. Тавдугаар сараас яагаад цементийн хомсдол бий болсон бэ гэхээр зарим нэг үйлдвэр эвдрэлтэй, заримд нь тээвэр логистикийн асуудал тулгараад байна.
“Улаан цемент” энэ хавраас хойш үйлдвэрлээгүй, Хөтөлийн "Цемент шохой” үйлдвэр наймдугаар сараас тоног төхөөрөмж эвдэрсэн. МАК, “Мон цемент” үйлдвэрлэл эрхэлж байгаа ч асуудал их бий. Тухайлбал, “Мон цемент” нунтаг бүтээгдэхүүнээ нийслэлд оруулж ирээд, тээрэмддэг. Гэтэл нунтаг бүтээгдэхүүнийг хангалттай оруулж ирэхэд төмөр замын ачаалал хүрэлцэхгүй байна. Нэг хоногт хүлээж авч буй вагоны ачааллаас болоод хангалттай бүтээгдэхүүн оруулж ирж чадахгүйд хүрээд байна. МАК Дорноговьд үйлдвэрлээд, нийслэлд оруулж ирдэг. Мөн л тээвэрлэлт, вагоны хүрэлцээ хангамжийн асуудал тулгарч байна.
Энэ жил Ханги мандал чиглэлд төмөр замын томоохон бүтээн байгуулалт өрнөж байгаа. Мөн дээр нь Дарханы замын хоёр эгнээг арваннэгдүгээр сараас нээхээр ажиллаж байгаа тул эдгээр бүтээн байгуулалт руу цементийн нийлүүлэлт урсаж байна. Энэ мэт нөхцөл байдлаас нийслэлд орж ирэх цементийн хэмжээ багасаж, үнэ өндөр болсон. Хоёрдугаарт, тодорхой компаниуд цементийн үнийг тонн тутамд 240-250 мянган төгрөгөөр огцом өсгөсөн.
-Барилгын ажил хавар эхлэхээс өмнө туслан гүйцэтгэгч нарын гэрээ хэлэлцээр хийгдсэн байдаг. Харамсалтай нь намар ийм нөхцөл байдал тулгарч байгаа нь ажлын хөлс, гүйцэтгэлийн хугацаа зэрэгт яах аргагүй нөлөөлж байна. Тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Бид барилгын компаниудтай хавар гэрээ хийгээд, тодорхой хэмжээний бартер болон бэлэн мөнгөний нөхцөл тохирч авдаг. Гэтэл цементийн үнийн огцом өсөлтийг барилгын компани болон туслан гүйцэтгэгч аль аль талдаа даахад хэцүү болсон. Иймд яг одоо төр засаг арга хэмжээ авах хэрэгтэй. Зөвхөн зам руу цемент нийлүүлж байгаа нь нөгөө талдаа барилгын салбарыг зогсоож байна. Барилгын салбар Монгол Улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлдэг, 80-100 орчим мянган хүний ажлын байраар хангадаг. Энэ олон мянган хүн ажилгүй сул зогсоход хүрээд байна. Үүний цаана гүйцэтгэл хийж байгаа компаниуд мөнгөө авах хугацаа хойшилно, орон сууц хугацаандаа ашиглалтад орохгүй байх зэрэг маш олон үр дагавар гарна. Зөвхөн нэг талыг бариад, замын ажлаа явуулахын тулд барилгын салбараа хүнд байдалд оруулмааргүй байна. Үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдэж өгөхийг хүссэн шаардлагыг Засгийн газар, Барилга хот байгуулалтын яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн.
-Барилгын салбарын ажлын байр цөөрч, энэ хэрээр айл өрхийн орлого буурах эрсдэл үүсээд байна аа даа?
-Барилгын компанийн ажилчид болон тэр байгууллагатай төлбөр тооцоотой асуудал ар араасаа гарч ирнэ. Одоо бүтээн байгуулалтын хоёр сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Тиймээс төр бодлогоор цемент нийлүүлэлтийн зарим хэсгийг барилгын салбар луу явуулах хэрэгтэй. Хөтөлийн "Цемент шохой” үйлдвэр зуухаа ажиллуулж эхэлсэн гэдэг таатай мэдээ байна. Ирэх сарын 1-нээс үйл ажиллагаа нь хэвийн болно гэсэн хүлээлт байна. Тэгэхээр барилгын салбарыг орхигдуулж болохгүй, энэ салбарыг хүнд байдлаас гарахад төр оролцох зайлшгүй шаардлага үүссэн.
Сэтгэгдэл ( 2 )
Одоо яая гэхэв дээ
Hotod dahin barilga barih shaardlaggui shuu ter Hodooruugee ochij barilgaa bari !